1 Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугласан байв. Тэрээр Самари хотыг бүслэн байлдав.
2 Тэрээр хот уруу элч нарыг илгээж, Израилийн хаан Ахабт хандан "Бен-хадад ийнхүү хэлж байна.
3 "Чиний алт, мөнгө минийх. Чиний хамгийн үзэсгэлэнтэй эхнэр, хүүхдүүд ч бас минийх" гэсэн" гэж хэлүүлжээ.
4 Израилийн хаан хариу үг илгээн
-Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.
5 Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн,
-Бен-хадад ийнхүү хэлж байна. "Өмнө нь би чамд "Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг" гэсэн үг илгээсэн билээ.
6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би өөрийн түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд авч явах болно" гэв.
7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан,
-Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ.
8 Бүх ахмадуудад болон бүх хүмүүс Ахабт
-Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв.
9 Ахаб Бен-хададын элч нарт
-Хаан эзэнд минь "Зарцдаа илгээсэн таны анхны бүх шаардлагыг би зөвшөөрөх болно. Харин энэ удаагийн шаардлагыг би биелүүлж чадахгүй" гэж дамжуул гэв. Элч нар явцгааж, Бен-хададад үүнийг сонордуулав.
10 Бен-хадад Ахаб уруу элч нарыг явуулан,
-Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар оногдох шороо Самарид үлдэх аваас бурхад минь намайг цээрлүүлэг. Бүр илүү гай гамшиг учруулах болтугай гэж хэлүүлэв.
11 Израилийн хаан хариулахдаа
-Хаандаа "Хуяг дуулгаа өмсөж буй хүн хуяг дуулгаа тайлж буй хүн шиг бүү сайрхаг" гэж хэл гэв.
12 Бен-хадад бусад хаадын хамт цацартаа архидан байх үедээ энэ үгийг сонсмогц түшмэддээ
-Тулалдаанд бэлтгэцгээ гэж тушаав. Ингээд тэд хотын эсрэг довтлоход бэлтгэцгээлээ.
13 Тэр үед нэгэн эш үзүүлэгч Израилийн хаан Ахабт ирэн,
-ЭЗЭН ийн айлдаж байна. "Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Миний ЭЗЭН мөн болохыг мэднэ" хэмээв гэж хэлэв.
14 Ахаб
-Хэнээр үүнийг хийлгэх вэ? гэсэнд эш үзүүлэгч
-ЭЗЭН ийн айлдаж байна. "Мужуудын захирагчдын дундах залуусаар үүнийг хийлгэнэ" хэмээв гэж хариулав. Тэгэхэд Ахаб
-Хэн тулааныг эхлүүлэх вэ? гэсэнд эш үзүүлэгч
-Та гэж хариулав.
15 Ингээд Ахаб мужуудын захирагчдын дундаас залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүмүүсийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв.
16 Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.
17 Мужуудын захирагчдын дундах залуу тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд
-Самариас хүмүүс гарч, ирж байна гэж мэдэгджээ.
18 Бен-хадад
-Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав.
19 Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.
20 Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.
21 Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохисон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав.
22 Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд
-Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.
23 Арамын хааны түшмэд хаандаа
-Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.
24 Үүнийг хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган, оронд нь өөр ахмадуудыг тавь.
25 Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү хийв.
26 Дараагийн жилийн эхэнд Бен-хадад арамейчуудыг цуглуулан, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.
27 Израилийн хөвгүүд ч цугларан, хоол хүнсээр хангуулан, тэдэнтэй уулзахаар явлаа. Израилийн хөвгүүд тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг хуарагнав. Харин арамейчууд тал газрыг дүүргэсэн.
28 Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан
-ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Арамейчууд "ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш" гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно" хэмээв гэж хэллээ.
29 Долоо хоногийн турш тэд бие биенийхээ эсрэг хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамейчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа.
30 Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.
31 Түшмэд нь түүнд
-Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.
32 Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд хүрч очоод,
-Таны боол Бен-хадад "Миний амийг өршөөгөөч" хэмээн гуйж байна гэв. Ахаб хаан
-Тэр одоог хүртэл амьд байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.
33 Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн, даруй үгийг нь өлгөн авч,
-Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан
-Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд, хаан түүнийг морин тэргэндээ суулгалаа.
34 Бен-хадад түүнд
-Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб
-Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.
35 Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр
-Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.
36 Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд
-Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ.
37 Дараа нь өнөөх эш үзүүлэгч өөр нэг хүнийг олоод,
-Намайг цохиоч гэж гуйсанд нөгөө хүн эш үзүүлэгчийг цохин шархдуулав.
38 Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүр боолт ороон зүсээ хувиргаад, замын хажууд хааныг хүлээн зогсов.
39 Хаан хажуугаар өнгөрөх үед, тэрээр хааныг дуудан хашхирч
-Таны боол би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, "Энэ хүнийг манаж бай. Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно, эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй" гэсэн билээ.
40 Таны боол энд ч, тэнд ч ажиллаад завгүй байх үед өнөөх хүн зугтаж одсон юм гэв. Израилийн хаан түүнд
-Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл ийнхүү байх болтугай гэв.
41 Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа.
42 Тэрээр хаанд
-ЭЗЭН ингэж айлдаж байна. "Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно" хэмээсэн гэлээ.
43 Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж, Самарид ирлээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]