Хаадын Дээд [14]

1 Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо.
2 Иеробоам эхнэртээ
-Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.
3 Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв.
4 Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ.
5 ЭЗЭН Ахиад
-Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.
6 Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод
-Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээ аваачихаар илгээгдсэн юм.
7 Явж, Иеробоамд "Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү хэлж байна. "Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,
8 Давидын ургийнхнаас хаанчлалыг тастан чамд өгсөн боловч, чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид Миний тушаалуудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.
9 Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан.
10 Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна.
11 Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход хүүрийг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ" хэмээсэн" гэж хэл.
12 Харин одоо чи хөдлөн, гэртээ харигтун. Чамайг хот уруу орох үед хүүхэд үхэх болно.
13 Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана.
14 Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр болон энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилийг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг арчин хаяна.
15 Учир нь усанд найгах зэгс шиг ЭЗЭН Израилийг цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг бүтээн, ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг үндсээр нь салгаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно.
16 Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв.
17 Ингээд Иеробоамын эхнэр босож, Тирза уруу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирж байх үед хүүхэд нас барав.
18 Өөрийн зарц эш үзүүлэгч Ахиагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу бүх Израиль түүнийг оршуулж, түүний үхэлд гашууджээ.
19 Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан зэрэг бусад үйлсийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэн юм.
20 Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Надаб оронд нь хаан болжээ.
21 Соломоны хүү Рехобоам Иудаг захирч байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ.
22 Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.
23 Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.
24 Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийн дагуу тэд үйлдэж байлаа.
25 Рехобоам хааны тав дахь жилд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон иржээ.
26 Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны гэрийн эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.
27 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.
28 Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулын хүмүүс тэр гуулин бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд тавих болжээ.
29 Рехобоамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
30 Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн үргэлжилсээр байв.
31 Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд оршуулагджээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. Түүний хүү Абиам түүний оронд хаан болов.



[Өмнөх]                [Дараах]


Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]