2 Тэр Лустр болон Икониумын ах дүүсийн дотор сайнаар яригддаг нэгэн байв.
3 Паул түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Гэхдээ Тимотын эцэг нь Грек хүн гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүний хөвчийг хөндөж, хамтдаа явжээ.
4 Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа.
5 Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.
6 Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрч,
7 Мусиад ирээд Битин уруу явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй.
8 Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв.
9 Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон "Македонид ирж бидэнд туслаач" гэж гуйсан ажээ.
10 Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайн мэдээг тунхагла гэж дуудлаа хэмээн үзээд тэр даруй бид Македони уруу явахаар болцгоов.
11 Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неаполд хүрч,
12 тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа.
13 Амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол уруу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав.
14 Туатэйр хотоос ирсэн, нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ.
15 Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа
-Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.
16 Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.
17 Тэрээр Паул болон биднийг дагаж,
-Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.
18 Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд
-Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ.
19 Харин түүний эзэд орлого олох найдвар нь алдагдсаныг хараад, Паул, Силас нарыг барьж, олон хөлийн газарт эрх баригчдын өмнө чирч авчраад
20 тэргүүн захирагчид уруу аваачиж,
-Энэ Иудей хүмүүс манай хотыг үймүүлж,
21 ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв.
22 Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа.
23 Ийнхүү зодож жанчсаны эцэст тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав.
24 Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлөв.
25 Гэвч Паул, Силас хоёр шөнө дундын үед Бурханд залбирч, магтаалын магтууг дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.
26 Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.
27 Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал
28 Паул чангаар
-Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд
29 тэр
-Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч,
30 тэднийг гаргах зуураа
-Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.
31 Тэд
-Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.
32 Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ.
33 Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угааж өгөөд, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.
34 Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа.
35 Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,
-Тэднийг сулла хэмээн хэлүүлжээ.
36 Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж
-Тэргүүн захирагчид "Та нарыг сулла" гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд
37 харин Паул тэдэнд
-Тэд Ромын иргэд биднийг шүүхгүйгээр олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна. Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв.
38 Цагдаа нар тэргүүн захирагчдад эдгээр үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав.
39 Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв.
40 Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]