-Энэ үнэн үү? гэв.
2 Тэгтэл тэр ингэж хэлэв.
-Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,
3 "Эх нутаг, төрөл садангуудаа орхи. Миний чамд үзүүлэх тэр газарт ир" гэсэн.
4 Тийнхүү тэр Халдай нутгийг орхин Харранд ирж суурьшсан. Тэгээд түүний эцгийг нас барсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ амьдарч байгаа энэ нутагт нүүлгэсэн билээ.
5 Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.
6 Бурхан ийнхүү айлдахдаа "Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана.
7 Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ" гээд, Бурхан цааш нь "Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно" гэжээ.
8 Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.
9 Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд
10 түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа.
11 Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ.
12 Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав.
13 Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов.
14 Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ.
15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна.
16 Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тавьжээ.
17 Харин Бурханы Абрахамд амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх манай ард түмэн өсөж, олон болов.
18 Энэ нь Иосефын талаар юу ч мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ.
19 Тэр бидний удмынхны эсрэг заль гарган өвөг дээдэст маань, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан.
20 Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэр Бурханы өмнө хайрыг булаасан нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.
21 Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, төрсөн хүү шигээ үзэж, асран өсгөв.
22 Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ.
23 Харин нас дөч дөхөх үед Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол түүний зүрх сэтгэлийг эзэмдэв.
24 Тэдний нэг нь шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж, Египет хүнийг цохин унагааж, өнөөх дарлагдсан хүний өшөөг авчээ.
25 Бурхан тэдэнд өөрөөр нь дамжуулж аврал соёрхож байгааг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон боловч, тэд ойлгосонгүй.
26 Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн "Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?" гэжээ.
27 Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, "Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?
28 Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?" гэв.
29 Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.
30 Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна.
31 Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч,
32 "Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна" гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй.
33 Харин Эзэн түүнд "Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм.
34 Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна" гэжээ.
35 "Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?" хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.
36 Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.
37 Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж "Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ" гэж хэлсэн билээ.
38 Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм.
39 Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.
40 Тийнхүү Ааронд "Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд бүтээж өгөөч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиолдсоныг мэдэх юм бидэнд алга" гэж байлаа.
41 Ийнхүү тэр өдрүүдэд тэд тугал хийж, мөнөөх шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.
42 Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр "Израилийн гэр ээ, цөлд та нар дөчин жил Надад өргөл, тахилаа өргөөгүйсэн бил үү?
43 Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Ромфа бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад уруу зайлуулах болно" гэсэн байдаг.
44 Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа.
45 Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.
46 Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан.
47 Харин Түүнд өргөө босгосон нь Соломон болой.
48 Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчийн
49 "Эзэн айлдахдаа
"Тэнгэр болбоос Миний сэнтий,
Газар болбоос Миний хөлийн гишгүүр.
Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?
Би амрах ямар газар байна вэ?
50 Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?""
51 Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.
52 Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ Түүнээс та нар урвагсад, мөн алуурчид болцгоожээ.
53 Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.
54 Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.
55 Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,
56 -Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв.
57 Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч,
58 түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа.
59 Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,
-Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.
60 Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар,
-Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]