Үйлс [21]

1 Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Род уруу яван, тэндээсээ Патарт очив.
2 Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав.
3 Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардлаа. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа.
4 Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Тэд Паулд Иерусалимд хөл тавихгүй байхыг Сүнсээр хэлэв.
5 Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв.
6 Биднийг усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө явцгаалаа.
7 Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.
8 Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээг тунхаглагч Филипийн гэрт очиж түүнтэй хамт байцгаав.
9 Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.
10 Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.
11 Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд
-Ариун Сүнс надад "Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана" гэж айлдаж байна гэв.
12 Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйв.
13 Тэгтэл Паул
-Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.
14 Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид
-Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.
15 Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа.
16 Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг эртний дагалдагч Киприйн Мнасоныд хоног төөрүүлэхээр хүргэж өгөв.
17 Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.
18 Дараа өдөр нь Паулыг бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байлаа.
19 Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв.
20 Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд
-Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд
21 тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон.
22 Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно.
23 Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчгөө өгсөн дөрвөн хүн бий.
24 Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно.
25 Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.
26 Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, цэвэршилтийн өдрүүд дуусах болон хүн тус бүрийн төлөө тахил өргөх өдрийг мэдэгдэв.
27 Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад
28 -Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв.
29 Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ.
30 Хот бүхэлдээ хөдөлж, хүмүүс олноороо цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа.
31 Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв.
32 Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн уруу гүйн очив. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг занчихаа болив.
33 Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжлэхийг тушааж, түүний хэн болох, мөн юу үйлдсэнийг нь байцааж эхлэв.
34 Гэвч цугласан олны дундаас зарим нь нэг зүйлийг хашхирч байхад зарим нь ондоо зүйлийг хашхиралдахад чухамдаа юу болсныг шуугианаас олж мэдэж чадаагүй учир тэр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа.
35 Паулыг шатан дээр гарч ирэхэд шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрчээ.
36 Учир нь хурсан олон араас нь дагасаар
-Түүнийг тонилго хэмээн хашхирч байлаа.
37 Паул хуаран уруу орох гэж байхдаа мянгатын даргад
-Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр
-Та грек хэл мэддэг юм уу?
38 Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв.
39 Харин Паул
-Би бол Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг олон түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ.
40 Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд хандаж Паул еврей хэлээр ингэж хэллээ.



[Өмнөх]                [Дараах]



Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]