Үйлс [20]

1 Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа.
2 Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд
3 гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв.
4 Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав.
5 Гэвч тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа.
6 Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.
7 Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.
8 Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа.
9 Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа.
10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд,
-Бүү зов. Тэр амьд байна гэлээ.
11 Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.
12 Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
13 Харин бид усан онгоцоор Асс уруу түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ газраар явж очих санаатай байлаа.
14 Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв.
15 Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын орчимд хүрч, дараачийнх нь өдөр Самосыг гатлан гарч удаах өдөр нь Милетэд ирэв.
16 Паул боломжтой бол Пентекостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.
17 Тэр Милетээс Ефес уруу хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав.
18 Тэднийг ирэхэд тэр
-Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ.
19 Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан.
20 Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж,
21 Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн.
22 Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй.
23 Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг.
24 Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.
25 Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ.
26 Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна.
27 Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ.
28 Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.
29 Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна.
30 Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.
31 Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.
32 Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.
33 Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.
34 Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа.
35 Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан "Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй" гэсэн үгийг санагтун гэж хэлэв.
36 Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирав.
37 Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа.
38 Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.



[Өмнөх]                [Дараах]



Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]