2 Тэр тэнд Понт нутгийн Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив.
3 Мөнөөх эр адилхан ажилтай хүн байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болов. Тэд майхан хийдэг байжээ.
4 Тэр Амралтын өдөр бүр синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв.
5 Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа.
6 Тэд түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд
-Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харь үндэстнүүд уруу очно гэв.
7 Тэр тэндээс явж, синагогийн дэргэд гэр нь байдаг Иустын Тит гэдэг хүний гэрт очив. Тэр Бурханыг шүтдэг нэгэн ажээ.
8 Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа.
9 Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан
-Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай.
10 Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.
11 Тэр тэдний дунд Бурханы үгийг сурган жил зургаан сар амьдрав.
12 Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч,
13 -Энэ хүн хуулийн эсрэг Бурханд мөргө гэж хүмүүсийг ятгаж байна гэв.
14 Паулыг ам нээх гэтэл Галлион урьтаж иудейчүүдэд ингэж хэлэв.
-Иудейчүүд ээ! Хэрэв энэ нь гэмт хэрэг, эсвэл хорт явдал байсан бол та нарын гомдлыг хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан.
15 Гэтэл хэрэв үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа бол өөрсдөө түүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв.
16 Тийнхүү тэр тэднийг шүүхээс хөөжээ.
17 Тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.
18 Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгээд усан онгоцонд суун Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул тангаргаа сахиж үсээ авахуулжээ.
19 Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдэд сургамжилжээ.
20 Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй.
21 Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ
-Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар уруу эргэж ирнэ гэв. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.
22 Тэр Кайсарид буугаад явж чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох уруу явав.
23 Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа.
24 Үгэнд цэцэн Апол гэгч Иудей эр Ефест хүрч ирэв. Тэрээр Судрыг сайн мэддэг нэгэн агаад Александрт төрсөн ажээ.
25 Апол бол Эзэний замаар явахад сургагдсан хүн байсан бөгөөд гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг байжээ.
26 Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөв.
27 Тэр Ахай нутгаар явахыг хүссэн тул ах дүү нар түүнийг урамшуулан зоригжуулаад, түүнийг хүлээн авахыг хүссэн захидал дагалдагчдад илгээв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ.
28 Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]