Үйлс [26]

1 Тэгтэл Агрийп Паулд хандан
-Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлсөн үгийг хэлж эхлэв.
2 -Иудейчүүдийн намайг буруутгаж байгаа эдгээр хэргийн талаар Агрийп хаан таны өмнө өнөөдөр би өөрийгөө өмгөөлөх гэж байгаа тул би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна.
3 Ялангуяа, та бол иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье.
4 Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд бүр эхнээсээ өнгөрөөсөн миний амьдралыг бага наснаас минь авахуулан бүх иудейчүүд мэднэ.
5 Тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэв тэд хүсвэл намайг манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн болохыг гэрчилж чадах билээ.
6 Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.
7 Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм.
8 Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд ер бусын хэмээгдэнэ вэ?
9 Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан.
10 Үүнийгээ ч Иерусалимд үйлдсэн. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад, ариун хүмүүсээс олныг шоронд хийснээр барахгүй тэднийг алж байхад нь ч тэдний эсрэг саналтай байлаа.
11 Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.
12 Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавар аваад Дамаск уруу явав.
13 Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.
14 Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр "Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ" гэж надад хэлэхийг би сонсов.
15 Тэгээд би "Эзэн, Та хэн бэ?" гэхэд Эзэн "Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
16 Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.
17 Чамайг энэ ард түмэн, харь үндэстнүүдээс чөлөөлөн аваад, Би тэдэн уруу илгээж байгаа нь
18 тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно" гэсэн.
19 Тиймээс Агрийп хаантан, би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй.
20 Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл "Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн" хэмээн тунхаглаж байлаа.
21 Ийм шалтгааны улмаас хэсэг иудейчүүд намайг сүм дотор барьж авч алахыг оролдсон.
22 Ийнхүү Бурханы тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.
23 Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаараа Израилийн ард түмэнд болон харь үндэстнүүдэд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.
24 Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар
-Паул, та солиорчээ. Их эрдэм ном чинь таныг галзуу болгожээ гэхэд
25 Паул
-Эрхэмсэг Фест ээ, би солиороогүй. Харин эрүүл ухаан, үнэн үгийг тунхаглаж байна.
26 Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.
27 Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.
28 Агрийп Паулд
-Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ гэхэд
29 Паул
-Богинохон ч бай, удаан хугацаанд ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгдээрээ энэхүү гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.
30 Хаан, захирагч, мөн Бернике болон тэдэнтэй хамт сууж байсан хүмүүс босож
31 холдон зогсоод өөр хоорондоо ярилцаж,
-Энэ хүн үхэх, эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүй юм байна гэцгээв.
32 Агрийп Фестэд
-Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.



[Өмнөх]                [Дараах]



Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]