2 Энэ сайн мэдээ бол Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Судруудад урьдаас амласан тэр Хүүгийн тухай сайн мэдээ юм.
3 Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд
4 ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн.
5 Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ.
6 Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм.
7 Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.
8 Юуны өмнө, та бүгдийн төлөө би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж байна.
9 Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ.
10 Залбирахдаа үргэлж Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж гуйдаг.
11 Учир нь та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг.
12 Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм.
13 Ах дүү нар аа, бусад үндэстнүүдийн дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна.
14 Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй.
15 Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна.
16 Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.
17 Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь "Зөвт хүн итгэлээр амьдарна" гэж бичигдсэн байдаг.
18 Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг.
19 Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж.
20 Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй.
21 Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ.
22 Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд
23 үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.
24 Иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж, тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэжээ.
25 Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.
26 Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ.
27 Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна.
28 Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд
29 тэд бүхий л зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн, хов жив яригч,
30 гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй,
31 ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ.
32 Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |