Ром [15]

1 Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой.
2 Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье.
3 Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин "Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув" гэсний адил байсан юм.
4 Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм.
5 Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай.
6 Ингэснээр бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм.
7 Тиймээс мөн Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун.
8 Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ хөвч хөндүүлэгсдийн зарц болсон.
9 Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харь үндэстнүүд Бурханыг алдаршуулахын тулд ажээ.
"Иймд би харь үндэстнүүдийн дунд Танд магтаалыг өргөнө.
Таны нэрийг би дуулна" гэж бичжээ.
10 Тэр дахин
"Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа" гээд,
11 мөн дахин
"Бүх харь үндэстнүүд ээ, та нар Эзэнийг магтацгаа.
Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай" гэжээ.
12 Исаиа дахин
"Иессийн үндэс гарч ирнэ.
Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд
Харь үндэстнүүд найдах болно"
13 Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай.
14 Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн, мөн нэг нэгнээ ятгах чадвартай гэдэгт би итгэсэн юм.
15 Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр
16 Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн.
17 Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дотор сайрхах шалтгаан надад бий.
18 Учир нь Христийн надаар дамжуулан хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр надаар дамжуулан Харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь,
19 тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм. Тэрчлэн би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг бүрэн дэлгэрүүлсэн.
20 Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн.
21 Харин энэ нь
"Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно.
Сонсоогүй хүмүүс ойлгох болно"
22 Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ.
23 Харин одоо миний хувьд эдгээр нутагт цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар уруу очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна.
24 Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг.
25 Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалим уруу явах гэж байна.
26 Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв.
27 Тийм ээ, тэдний сэтгэлд нийцсэн юм. Тэд Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртөнгүүд юм. Учир нь хэрэв харь үндэстнүүд тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм.
28 Тиймд би тэдэнд цуглуулсан юмыг нь өгч, үүнийг дуусгаад, та нарыг дайран Испани уруу явна.
29 Би та нар уруу очихдоо Христийн ерөөлийн дүүрэн байдалд очно гэдгээ мэднэ.
30 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Би залбирч байна. Та нар ч миний төлөө Бурханд хичээнгүйлэн залбираарай.
31 Энэ нь би Иудей дахь дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэсэнд юм.
32 Ингэвэл би Бурханы хүслээр та нар уруу баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно.
33 Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]