Ром [11]

1 Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнээ голсон гэж үү? Бүү ийм байх болтугай! Учир нь би бас Абрахамын үр удам, Бениамин овгийн Израиль хүн.
2 Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн,
3 "Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна" гэсэн.
4 Харин Бурханы хариу юу байв? "Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн" гэсэн юм.
5 Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.
6 Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол, цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно.
7 Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.
8 Энэ нь
"Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс,
Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн"
9 Давид
"Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор,
Бүдрүүлэх саад болон шан хариу болог.
10 Харахгүйн тулд тэдний нүд харанхуйлж,
Нуруу нь үүрд бөгтөр болог"
11 Тиймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Бүү ийм байх болтугай! Харин Израилийн атаархлыг төрүүлэхийн тулд тэдний алдаа зөрчлөөс болж харь үндэстнүүдэд аврал өгөгдөв.
12 Хэрэв тэдний хилэнц нь дэлхийн баялаг болж, тэдний алдаа нь харь үндэстнүүдийн баялаг болдог юм бол тэдний дүүрэн байдал ямар их илүү байх бол!
13 Гэвч харь үндэстэн та нарт би хэлье. Би харь үндэстнүүдийн элч тул өөрийн үйл хэргийг томруулдаг нь
14 махан биеэрээ миний ах дүүс бологсдын атаархлыг хөдөлгөж, заримыг нь аврахын тулд юм.
15 Учир нь хэрэв тэдний голсон явдал нь дэлхийн эвлэрэл бол тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилуулах явдлаас өөр юу байх билээ?
16 Хэрэв эхний үр ариун бол бөөндөө мөн тийм байна. Хэрэв үндэс ариун бол мөчрүүд мөн тийм байна.
17 Харин хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол,
18 өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв та сайрхах аваас та үндсийг тэтгэж байгаа юм биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун.
19 Тэгээд та "Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ" гэж хэлэх болно.
20 Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн.
21 Хэрэв Бурхан байгалийн мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй.
22 Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно.
23 Мөн хэрэв тэд итгэлгүй байдалдаа цаашид байхгүй бол бас л залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай.
24 Хэрэв та зэрлэг чидуны модноос тастагдсан бөгөөд чанарынх нь эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэгэх тусмаа байгалийнх нь байгалийнхаа модонд залгагдах биш үү?
25 Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ.
26 Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм.
"Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ.
Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.
27 Би тэдний нүглүүдийг зайлуулах үед
Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн".
28 Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм.
29 Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.
30 Учир нь та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүй байдлаас болж та нар өршөөл үзсэнчлэн,
31 мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм.
32 Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд Бурхан бүх хүнийг дуулгаваргүй байдал дотор хорьжээ.
33 Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
34 Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?
35 Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?
36 Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]