Ром [16]

1 Кенхрей дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч Фойбег би та нарт сайшааж байна.
2 Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан.
3 Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй.
4 Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ.
5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.
6 Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй.
7 Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христийн дотор байсан юм.
8 Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй.
9 Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй.
10 Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
11 Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
12 Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персист мэнд хүргээрэй.
13 Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Миний ээж болох түүний ээжид мэнд хүргээрэй.
14 Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт болон тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй.
15 Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү, мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй.
16 Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.
17 Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.
18 Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.
19 Та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна.
20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
21 Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.
22 Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.
23 Намайг болон бүх чуулганы зочлогч гэрийн эзэн Гай та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.
24 [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]
25 Бурхан миний сайн мэдээг болон Есүс Христийг тунхагласнаар дамжуулан өнө эртний турш нууцлагдаж байсан нууцыг илчилж та нарыг бат бэх болгоно.
26 Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Судруудаар дамжин бүх үндэстэнд мэдэгдэн, тэд итгэж, дуулгавартай дагах болсон.
27 Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]