Ром [6]

1 Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дотор байсаар байх уу?
2 Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ?
3 Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?
4 Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.
5 Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалттай нь ч холбогдох болно.
6 Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
7 Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн.
8 Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол, мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг.
9 Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй.
10 Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг.
11 Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.
12 Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог.
13 Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө.
14 Учир нь нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байдаг.
15 Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байдаг учраас нүгэл үйлдэх үү? Бүү ийм байх болтугай!
16 Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүглийн ч бай, эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавартай байдлын ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү?
17 Харин Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж,
18 нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон.
19 Та нарын махан бие сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бус байдалд боол болгон өргөснийхөө адил түүнчлэн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусгалд хүргэх зөвт байдалд боол болгон өргө.
20 Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас чөлөөтэй байжээ.
21 Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэдгээр зүйлсийн төгсгөл бол үхэл болой.
22 Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нарт ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой.
23 Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]