Ром [12]

1 Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.
2 Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
3 Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.
4 Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил,
5 бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.
6 Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж.
7 Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа,
8 ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн.
9 Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.
10 Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.
11 Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат.
12 Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул,
13 ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.
14 Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа.
15 Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
16 Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго.
17 Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.
18 Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.
19 Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь ""Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө" гэж Эзэн айлдав" гэж бичигджээ.
20 "Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг".
21 Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]