Дэд хууль [1]

1 Бүх Израилийг цөлд Иорданы дорнод этгээдэд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад Мосегийн тэдэнд хандаж хэлсэн үгс энэ болой.
2 Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг.
3 Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ.
4 Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.
5 Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь
6 -Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа "Та нар энэ ууланд их удаан суулаа.
7 Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа.
8 Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ" гэсэн.
9 Би тэр үед та нарт хандан "Би та нарыг ганцаараа дааж чадахгүй.
10 Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ.
11 Та нарын өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай.
12 Харин би ганцаараа та нарын ачаа, хүнд дарамт, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ?
13 Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын тэргүүнээр томилъё" гэсэнд
14 "Таны хэлсэн ёсоор хийх нь зөв" гэж та нар надад хариулсан.
15 Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.
16 Би тэр үед та нарын шүүгчдэд тушааж "Та нар ах дүү нарынхаа хоорондох хэргийг сонсоод, ах дүү нарын хоорондох хэргийг, эсвэл тэдний дундах харийн хүнтэй хамаатай хэргийг зөв шударгаар шүү.
17 Шүүх бол Бурханых учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё" гэсэн.
18 Би та нарын хийх ёстой зүйлсийг тэр үед нь та нарт бүгдийг тушаасан шүү дээ.
19 ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан, аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.
20 Тэгэхэд би та нарт "Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ.
21 ЭЗЭН Бурханы чинь өгсөн газар та нарын өмнө байна. Өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан ёсоор явж, түүнийг эзэмшицгээ. Бүү ай. Бүү зүрхшээ" гэж билээ.
22 Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд "Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе" гэж хэлцгээсэн.
23 Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан.
24 Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад,
25 тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд "ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна" гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.
26 Гэвч та нар тийш явахаас дургүйцэн, өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлсэн билээ.
27 Та нар майхан дотроо гомдоллож "ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египетийн нутгаас авчирсан байна.
28 Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань "Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан" гэж хэлэн бидний зүрхийг мохоосон" гэсэн.
29 Тэгэхэд би та нарт "Бүү цочирд, тэднээс бүү ай.
30 Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.
31 Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн үүрч, дүүрч ирснийг та нар цөлд үзсэн" гэв.
32 Гэвч энэ бүхэнд та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй.
33 Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.
34 Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, уурлан тангараглаж айлдахдаа
35 "Энэ бузар муу үеийнхэн буюу эдгээр хүмүүсийн нэг нь ч та нарын өвөг дээдэст өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй.
36 Харин Иефуннегийн хүү Калеб ЭЗЭНийг бүрэн дагасны учир тэр газрыг үзэх болно. Түүний гишгэсэн газрыг нь Би түүнд болон түүний хөвгүүдэд өгнө" гэв.
37 ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас "Чи ч бас тийшээ орох ёсгүй.
38 Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун.
39 Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ.
40 Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл уруу хөдөлцгөө" гэсэн.
41 Та нар "Бид ЭЗЭНий эсрэг нүгэл хийсэн. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая" гэж надад хариу хэлээд бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутаг өөд явж орохыг хялбар хэмээн санасан.
42 ЭЗЭН надад ""Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий" гэж тэдэнд хэл" хэмээсэн.
43 Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ.
44 Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн, та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон билээ.
45 Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан боловч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй.
46 Тэгээд та нар Кадешт олон хоног суусан. Тэр өдрүүдийн тоогоор тэнд суусан билээ.



[Өмнөх]                [Дараах]

Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]