1 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина.
2 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ.
3 Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.
4 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.
5 Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө.
6 Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
7 Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.
8 ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.
9 Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна.
10 Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.
11 ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.
12 Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй.
13 Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.
14 Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.
15 Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.
16 Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана.
17 Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана.
18 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.
19 Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.
20 Чи бузар мууг үйлдэж, Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно.
21 ЭЗЭН чиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ.
22 ЭЗЭН чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.
23 Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно.
24 ЭЗЭН чиний газар нутаг дээр орох борооны оронд тоос шороо буулгаж, тэр нь чамайг усттал тэнгэрээс орох болно.
25 ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.
26 Чиний хүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.
27 ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.
28 ЭЗЭН чамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино.
29 Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.
30 Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.
31 Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.
32 Чи хөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно.
33 Газрын чинь ургац, ажил хөдөлмөрийн чинь үр жимсийг чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.
34 Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.
35 ЭЗЭН өвдөг, хөлийг чинь эдгэшгүй хатиг яранд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатиг ярнаасаа ангижирч чадахгүй.
36 ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.
37 ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.
38 Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.
39 Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.
40 Чиний бүх газар нутаг дээр чидун жимсний мод байх боловч жимс нь унаснаас болоод, тосоор нь биеэ тосолж чадахгүй.
41 Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.
42 Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэмшинэ.
43 Та нарын дунд байгаа харийн хүн чамаас дээшилж, улам улам дэвшин, чи улам улам буурна.
44 Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно.
45 Чи ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаж, Түүний чамд тушаасан зарлиг тушаалыг сахиагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана.
46 Тэр бүх хараал чамд болон чиний үр хүүхдүүдэд тэмдэг, гайхшрал болж үүрд байна.
47 Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас
48 ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.
49 ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.
50 Тэр үндэстэн бол ширүүн догшин царайтай бөгөөд настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвддөг.
51 Тэд чамайг устгах хүртэл малын чинь төл, газрын ургацыг чинь иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.
52 Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотуудад чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотуудад чамайг бүслэх болно.
53 Чи дайснууддаа бүслэгдэж шахагдан зовох үедээ, ЭЗЭН Бурханаас чамд хайрлаж, бие махбодоос чинь тасран гарсан үр хүүхдийнхээ, хөвгүүд охидынхоо махыг иднэ.
54 Та нарын дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч гэсэн тэрээр ах дүү, хайртай эхнэр, амьд үлдсэн хүүхдүүддээ ч өсөрхөн,
55 өөрийн идэх хүүхдийнхээ махнаас тэдний хэнд нь ч өгөхгүй. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, түүнд юу ч үлдээгээгүй учраас тэр юм.
56 Мөн та нарын дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч гэсэн хайртай нөхөр, хүү охиндоо өсөрхөн,
57 хөлийн хоорондоос нь унжих эхэсээ төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, тэрээр юу ч олоогүй учраас тэр юм.
58 Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол
59 ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үр удмын гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.
60 ЭЗЭН чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ.
61 ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, бүх тахлыг чамайг усттал чинь чам дээр авчирна.
62 Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.
63 ЭЗЭН та нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.
64 ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.
65 Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна.
66 Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн, амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.
67 Зүрхний айдас, үзсэн харсан зүйлээсээ болоод чи өглөө нь "Орой болоосой", орой нь "Ээ, өглөө болоосой" гэх болно.
68 Миний чамд "Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй" гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчид болгон худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]