1 Израиль аа! Одоо миний та нарт зааж сургах зарлиг хуулийг сонсоцгоо. Эдгээрийг гүйцэтгэснээр та нар амьдран, өөрсдийн чинь өвөг дээдсийн Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмших юм.
2 Миний та нарт тушааж байгаа ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй.
3 Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу хийснийг та нар нүдээрээ үзсэн. ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан бүх хүмүүсийг устгасан билээ.
4 Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна.
5 Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагаж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг хуулийг сургасан билээ.
6 Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод "Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн" хэмээн ярилцах болно.
7 Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ?
8 Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?
9 Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.
10 Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байхад чинь ЭЗЭН "Ард түмнийг Над уруу цуглуул. Би тэдэнд үгээ сонсгоё. Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм" гэж надад айлдсан билээ.
11 Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд, тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн, манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.
12 Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан. Та нар үг аялгууг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн Түүний дуу хоолойг л сонссон.
13 Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, та нарт даган мөрдүүлэхээр тушаасан. Энэ нь Арван Хууль бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.
14 ЭЗЭН тэр үед та нарт энэ хууль тогтоолуудыг таниулан заахыг надад тушаасан билээ. Энэ нь та нарын эзэмшихээр гатлан очих гэж буй газарт та нараар тэдгээрийг даган мөрдүүлэхийн тулд болой.
15 ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.
16 Та нар өөрсдөө завхарч, өөрсдөдөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу,
17 газар дээр байдаг ямар нэгэн амьтны дүрс ч юм уу, тэнгэрт нисдэг ямар нэгэн жигүүртний дүрс ч юм уу,
18 газар дээгүүр мөлхөгч ямар нэгэн юмны дүрс ч юмуу, газар доор, усан дотор байдаг ямар нэгэн загасны дүрс бүтээгүүзэй.
19 Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.
20 Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.
21 ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.
22 Би энэ газартаа үхнэ. Би Иорданыг гатлах ёсгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно.
23 Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй.
24 Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.
25 Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхран гажуудаж, ямар нэгэн дүрстэй шүтээн хийж, Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө бузар мууг үйлдэх аваас
26 Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.
27 ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.
28 Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.
29 Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно.
30 Энэ бүх зүйл чамд тулгарч, зовон зүдрэх үед, тэгээд хожмын өдөр чи өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.
31 Чиний Бурхан ЭЗЭН өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.
32 Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь байсан уу? Үүн шиг юмыг урьд өмнө ер нь сонссон уу?
33 Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чам шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?
34 ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу?
35 ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр ямар ч бурхан байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.
36 ЭЗЭН чамайг зааж сургахын тулд тэнгэрээс Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн бөгөөд тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.
37 Тэр өвөг дээдсийг чинь хайрласан учир тэдний хойч үеийг сонгосон. Тэр чамайг Өөрөө агуу хүчээрээ Египетээс авчирсан нь
38 чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг тэдний газар нутаг уруу аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.
39 Дээд тэнгэр, доод газарт ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав.
40 Чи болон чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.
41 Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ.
42 Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хүн алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм.
43 Ингэхдээ тэгш талд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.
44 Мосегээс Израилийн хөвгүүдийн өмнө тунхагласан хууль нь энэ болой.
45 Эдгээр нь Египетээс Израилийн хөвгүүдийг гарах үед Мосе тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, хууль болой.
46 Тэд тэр үед Иорданы дорнод тал дахь Бетпеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан атал Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,
47 түүний газар нутгийг, бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан бол Иорданы наад талд буюу наран мандах зүгт
48 Арноны хөндийн зах дахь Ароераас Сион уул (тэр нь Хермон уул) хүртэл,
49 Иорданы дорнод тал дахь Арабагийн бүх нутаг, бүр Писга уулын бэл, Араба тэнгис хүртэлх нутагт сууж байжээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дэд хууль [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]