Зехариа [1]

1 Дариусын хоёр дахь жилийн наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь
2 -Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн.
3 Тиймээс тэдэнд хэл. "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Над уруу эргэгтүн" хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад "Тэгвэл Би та нар уруу эргэх юм" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
4 ""Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн"" хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
5 "Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу?
6 Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, "Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ" хэмээсэн юм"".
7 Дариусын хоёр дахь жилд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн:
8 Би шөнөөр харав. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь мирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.
9 Би
-Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад
-Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.
10 Мирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн
-Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав.
11 Мирт моддын дунд зогсож байсан ЭЗЭНий тэнгэр элчид хандан тэд
-Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.
12 Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч
-Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд
13 надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэр элчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав.
14 Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан
-Ингэж зарлагтун. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна.
15 Харин амар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан".
16 Иймээс ЭЗЭН айлдаж байна. "Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно" гээд "Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна".
17 Дахин ингэж зарлагтун. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно"" гэв.
18 Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.
19 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би
-Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад
-Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.
20 Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.
21 Би
-Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр
-Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгойгоо өргөхгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг нураахаар ирсэн гэлээ.



[Өмнөх]                [Дараах]



Зехариа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]