1 Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.
2 "Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.
3 Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.
4 Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
5 Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ "Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог" гэлцэнэ.
6 Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.
7 Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд ЭЗЭН Иудагийн майхнуудыг аварна.
8 Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.
9 Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ.
10 Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр ,Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.
11 Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм.
12 Газар нутаг гашуудан, ураг бүр ургаараа, Давидын гэрийн ураг өөрөөрөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Натаны гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө,
13 Левийн гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Шимеигийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө,
14 үлдсэн бүх ургууд, ураг бүр өөр өөрсдөө, эхнэрүүд нь өөрсдөөрөө гашуудна.
[Өмнөх] |                  | [Дараах] |