Зехариа [4]

1 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов.
2 Тэр надаас
-Чи юу харж байна вэ? гэсэнд би
-Би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тус бүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харав.
3 Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний
4 дараа би надтай ярилцаж байсан тэнгэр элчид хариулан
-Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд
5 надтай ярилцагч мөнөөх тэнгэр элч надад хандан
-Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
-Мэдэхгүй, эзэн минь гэв.
6 Тэгээд тэр надад
-Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. "Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
7 "Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал болно. Тэр "Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!" гэж хашхиран оройн чулууг урагш авчирна" гэв.
8 Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь
9 -Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН намайг та нар уруу илгээснийг мэдэх болно.
10 Жижиг юмсын өдрийг хэн үзэн ядсан бэ? Харин эдгээр долоо нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа баярлах болно. Тэдгээр нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий мэлмий юм гэв.
11 Дараа нь би түүнд
-Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь эдгээр хоёр чидун мод нь юу вэ? гэв.
12 Би хоёр дахь удаагаа түүнд
-Хоёр алтан хоолойн дэргэдэх өөрсдөөсөө алтан тосыг юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд
13 тэр надад хариулан
-Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
-Үгүй, эзэн минь гэв.
14 Тэгээд тэр
-Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.



[Өмнөх]                [Дараах]



Зехариа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]