1 ЭЗЭНий үгийн сануулга нь Хадрахын нутгийн эсрэг бууж, Дамаск дээр үлдэнэ (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН уруу хандана).
2 Мөн түүгээр хиллэдэг Хамат болон хэдийгээр өөрийгөө ухаантай гэдэг боловч
Тир, Сидоны ч эсрэг байна.
3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,
алтыг гудамжны тоос мэт овоолно.
4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,
эд баялгийг нь далайд хаяна.
Тэр галд шатаагдана.
5 Ашкелон үүнийг хараад айх болно.
Газ өвчиндөө шаналан зовж,
бас Екроны хувьд найдвар нь тасарлаа.
Газаас хаан нь устаж,
Ашкелонд хүн суурьшихаа байна.
6 Ашдодод эрлийзүүд суурьшин,
филистчүүдийн бардамналыг Би тастана.
7 Би тэдний амнаас цусыг нь, шүднүүдийнх нь завсраас жигшмээр юмсыг нь зайлуулна.
Тэгээд бас тэд манай Бурханы төлөө үлдэж,
Иудагийн тэргүүлэгч мэт байна.
Екрон нь иебусчууд шиг болно.
8 Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн
буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ.
Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир
ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.
9 Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун!
Иерусалимын охин оо!
Ялалтын уухай хадаагтун!
Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна.
Тэр бол зөв шударга, ялагдашгүй,
даруу бөгөөд илжиг унажээ.
Илжигний унага болох дудран унажээ.
10 Би Ефраимаас тэргийг нь,
Иерусалимаас морийг нь тастана.
Дайны нум тастагдана.
Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж,
Түүний ноёрхол тэнгисээс тэнгис,
Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.
11 Мөн чиний хувьд ч гэсэн,
Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир
Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.
12 Найдварын хоригдлууд аа!
Бэхлэлт уруу буцагтун.
Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна.
13 Иудаг Би Өөрийн нум болгон татаж,
нумаа Ефраимаар дүүргэнэ.
Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг
Сион чиний хөвгүүдийг Би турхирна.
Би чамайг дайчны илд мэт болгоно.
14 Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн,
Түүний сум аянга мэт харвана.
Эзэн БУРХАН бүрээгээ үлээж,
өмнөдийн хүчит шуурганаар давшина.
15 Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална.
Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ.
Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно.
Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.
16 Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно.
Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.
17 Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо!
Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.
[Өмнөх] |                  | [Дараах] |