1 Ливан аа, хаалгуудаа онгойлго.
Хуш моддыг чинь гал залгиг.
2 Агар мод оо, уйлагтун.
Учир нь хуш мод унаж,
сүр жавхлант модод устгагдлаа.
Башаны царс модод оо уйлагтун.
Түнэр ой доош буув.
3 Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана.
Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.
4 Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.
5 Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь "ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив" гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.
6 Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй" гэж ЭЗЭН тунхаглаад "Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биеийнх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй" гэв.
7 Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.
8 Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.
9 Тэгээд би "Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг" гэв.
10 Би өөрийн таяг болох Тааламжийг авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав.
11 Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.
12 Би тэдэнд "Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль" гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив.
13 ЭЗЭН надад "Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид" гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав.
14 Дараа нь Иуда ба Израилийн хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох Нэгдлийг хэсэг болгон хугалав.
15 ЭЗЭН надад "Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав.
16 Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, туурайг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.
17 Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхийлөлтэй еэ!
Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно!
Түүний гар нь бүхлээрээ хатаж,
баруун нүд нь сохор болно".
[Өмнөх] |                  | [Дараах] |