1 Түмэн цэргийн ЭЗЭНий үг ирж айлдсан нь
2 -Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би Сионы төлөө хэтэрхий хартай байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна".
3 ЭЗЭН ийн айлдаж байна. "Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно".
4 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хирээр гартаа таягтай байна.
5 Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно" гэв.
6 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
7 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.
8 Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно"гэв.
9 Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Түмэн цэргийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нар сүм баригдаж дуусах хүртэл гар чинь хүчтэй байг.
10 Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүмүүсийг Би нэг нэгийнх нь эсрэг тавьсан юм.
11 Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
12 "Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.
13 Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун" гэв.
14 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, зөөлрөөгүй мэт" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад
15 "Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун.
16 Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг хэл. Үнэнээр шүүгтүн. Шүүлт нь та нарын дааман хаалгануудад амар амгалангийн төлөө байг.
17 Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18 Түмэн цэргийн ЭЗЭНий үг над уруу ирж айлдсан нь
19 -Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла".
20 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотуудын оршин суугчид ирнэ.
21 Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж "ЭЗЭНий тааллыг гуйхаар, түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна" гэнэ.
22 Асар олон ард түмнүүд, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ".
23 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран "Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо" гэх болно".
[Өмнөх] |                  | [Дараах] |