Лук [10]

1 Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж, тэднийг Өөрийн очихоор яваа хот, газар бүрд хоёр хоёроор нь Өөрийнхөө өмнө илгээв.
2 Тэр тэдэнд ийн айлдаж байлаа.
-Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа.
3 Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ.
4 Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.
5 Ямар ч айлд орсон, эхлээд "Энэ айлд амар тайван байх болтугай" гэж хэл.
6 Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ.
7 Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.
8 Ямар ч хотод та нар очсон, хэрэв та нарыг тэд хүлээн авбал, өмнө чинь юу ч тавьсан, түүнийг ид.
9 Тэнд өвчтэй хүмүүсийг нь эдгээ. Тэдэнд "Бурханы хаанчлал та нарт ойрхон байна" гэж хэлэгтүн.
10 Харин ямар ч хотод очсон, хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал, гудамжинд гараад,
11 "Бидний хөлд наалдсан хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал ойрхон байгааг сайн мэдтүгэй" гэж хэл.
12 Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь тэр хотоос илүү хүлцмээр байх болно.
13 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарын дотор үйлдсэн гайхамшгууд нь Тир хийгээд Сидонд үйлдэгдсэн бол, тэд хэдийн таараа нөмрөн үнсэн дээр сууж гэмшсэн байхсан.
14 Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.
15 Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөх үү? Чи Үхэгсдийн оронд унагаагдах болно.
16 Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.
17 Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж,
-Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд
18 Тэр тэдэнд
-Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав.
19 Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.
20 Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.
21 Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж,
-Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан.
22 Бүх юмсыг Эцэг минь Надад өгсөн. Эцэгээс минь өөр хэн ч Хүү хэн болохыг үл мэднэ. Хүүгээс өөр хэн ч, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн нь ч Эцэгийг хэн болохыг үл мэднэ гээд
23 шавь нар уруугаа эргэн тэдэнд тусад нь
-Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй.
24 Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.
25 Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин
-Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад
26 Тэр түүнд
-Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд
27 тэр
-Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.
28 Тэгэхэд нь Есүс
-Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв.
29 Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст
-Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.
30 Есүс хариуд нь
-Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ.
31 Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.
32 Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ.
33 Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн,
34 түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.
35 Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, "Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье" гэжээ.
36 Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ? гэхэд
37 тэр
-Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь гэв. Есүс түүнд
-Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.
38 Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав.
39 Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.
40 Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу ирж,
-Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.
41 Харин Эзэн
-Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа.
42 Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ. Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ гэв.



[Өмнөх]                [Дараах]



Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]