2 Тэгээд Тэр нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа.
3 Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв.
4 Тэр айлдаж дуусаад, Симонд
-Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд
5 Симон
-Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв.
6 Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв.
7 Тэд нөгөө завин дээрх бусад нөхдөдөө ирж туслахыг дохиход, тэд ирж хоёр завийг дүүргэхэд тэд живж эхлэв.
8 Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад
-Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ.
9 Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ.
10 Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан
-Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв.
11 Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.
12 Есүсийг нэгэн хотод байх үед нь, биеэрээ дүүрэн уяман өвчтэй нэг хүн Түүнийг хараад нүүрээрээ унаж,
-Эзэн, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа.
13 Тэр гараа сунган, түүнд хүрч
-Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа.
14 Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад,
-Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тогтоосон ёсоор цэвэршсэнийхээ төлөө өргөл өргө гэлээ.
15 Харин Түүний тухай зар улам газар авч, бүр олон хүмүүс Түүнийг сонсох гэж, мөн өвчнөө эдгээлгэхээр хуран цуглаж байв.
16 Харин Тэр Өөрөө дандаа сэмхэн зайлж эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг байлаа.
17 Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн сургагч нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийг гүйцэтгэхийн тулд Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.
18 Үзэгтүн, хэсэг хүн саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч
19 үй олон хүнээс болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө яг төвд нь тавив.
20 Тэдний итгэлийг хараад Есүс
-Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд
21 хуулийн багш нар болон фарисайчууд
-Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ.
22 Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд
-Та нар яагаад ингэж бодов?
23 "Нүгэл чинь уучлагдлаа" гэж хэлэх, эсвэл "Босоод алх" гэж хэлэхийн аль нь амархан бэ?
24 Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтэй хүнд
-Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв.
25 Даруй өнөө хүн тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ.
26 Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд
-Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа.
27 Дараа нь Тэр гарч яван, татвар хураагч Леви гэгч хүнийг татварын газар суухыг хараад,
-Намайг дага гэж түүнд хэлэхэд
28 тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа.
29 Леви Есүст зориулж гэртээ том зоог барив. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ.
30 Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар
-Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ? гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд
31 Есүс тэдэнд
-Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй.
32 Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.
33 Тэд Түүнд
-Иоханы шавь нар байнга мацаг барьж, залбирлаа өргөдөг. Фарисайчуудын шавь нар ч мөн адил үйлддэг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд
34 Есүс тэдэнд
-Шинэ хүргэнийг байхад та нар хүргэний бараа бологчдыг мацаг бариулж болохгүй биз дээ?
35 Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв.
36 Тэгээд Тэр мөн тэдэнд хандан нэгэн сургаалт зүйрлэлээр
-Хэн ч шинэ дээлээсээ урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино.
37 Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмаа зад тавина. Дарс асгарч, тулам ч хэрэггүй болно.
38 Харин шинэ дарсыг шинэ тулманд л хийх ёстой.
39 Хуучин дарс уучихаад хэн ч шинийг хүсдэггүй шүү дээ. Учир нь тэр "Хуучин нь сайн" гэнэ гэж тэдэнд айлдав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]