Лук [2]

1 Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ.
2 Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа.
3 Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.
4 Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу
5 хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.
6 Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,
7 тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
8 Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.
9 Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.
10 Тэнгэр элч тэдэнд
-Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.
11 Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.
12 Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.
13 Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,
14 -Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.
15 Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ
-Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.
16 Тэд яаран ирж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж очив.
17 Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.
18 Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.
19 Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.
20 Өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
21 Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.
22 Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.
23 Энэ нь "Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно" гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.
24 Ингэхдээ Эзэний хуульд "Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг" гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.
25 Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.
26 Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.
27 Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь
28 Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад
29 -Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай.
30 Учир нь Миний нүд Таны авралыг харлаа.
31 Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ.
32 Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл,
Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой
33 Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа.
34 Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
-Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох болон эсэргүүцэх тэмдгийн төлөө томилогджээ.
35 Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодол санаа илчлэгдэнэ гэв.
36 Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад
37 дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй.
38 Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
39 Тэд Эзэний Хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу өөрсдийнхөө Назар хот уруу буцжээ.
40 Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.
41 Түүний эцэг эх жил бүр Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалим уруу явдаг байв.
42 Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав.
43 Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй.
44 Харин Түүнийг жингийн цуваан дунд яваа хэмээн бодож, аяныхаа нэг өдрийг ардаа өнгөрөөжээ. Тэд Түүнийг төрөл садан болоод танилуудынхаа дунд хайж эхлэв.
45 Тэд Түүнийг олсонгүй. Тэгээд Есүсийг хайн Иерусалим уруу буцан ирэв.
46 Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ.
47 Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв.
48 Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд
-Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд,
49 Тэр
-Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? гэв.
50 Түүний хэлсэн үгийг тэд ойлгосонгүй.
51 Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв. Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм.
52 Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ.



[Өмнөх]                [Дараах]



Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]