2 дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр үеийн турш Тэр юу ч идээгүй учир тэдгээр өдрүүдийг дууссаны дараа ихэд өлсжээ.
3 Диавол Түүнд
-Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа гэв.
4 Есүс
-"Хүн зөвхөн талхаар амьдардаггүй" гэж бичигдсэн байдаг гэлээ.
5 Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалуудыг үзүүлэв.
6 Тэгээд диавол Түүнд
-Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна.
7 Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд
8 Есүс түүнд
-"Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг гэв.
9 Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд
-Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.
10 "Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө"
11 мөн
"Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна.
Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм" гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд,
12 Есүс
-"Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно" гэж бас айлдсан байдаг гэлээ.
13 Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.
14 Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.
15 Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.
16 Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов.
17 Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод,
18 -Эзэний Сүнс Над дээр байна.
Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж
Тэр Намайг тосолсон юм.
Тэр Намайг илгээсэн нь
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,
Сохруудад хараа оруулах,
Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,
19 мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой
20 номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа.
21 Тэр тэдэнд хандаж
-Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.
22 Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд
-Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.
23 Тэр тэдэнд
-"Эмч ээ, өөрийгөө анагаа" гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд,
24 Тэр
-Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй.
25 Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.
26 Гэсэн хэдий ч Елиа тэдний хэн уруу ч илгээгдэлгүй харин зөвхөн Сидон нутгийн Зарефат хэмээх нэгэн бэлэвсэн эмэгтэй уруу илгээгджээ.
27 Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв.
28 Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч,
29 босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын орой уруу авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ.
30 Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.
31 Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа.
32 Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа.
33 Синагогт бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар
34 -Хүүе, Назарын Есүс ээ, бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг хөнөөхөөр ирсэн үү? Би Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэхэд
35 Есүс түүнийг зэмлэж,
-Дуугүй бай. Түүнээс зайл! гэлээ. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, хөнөөлгүйгээр түүнээс гарч одов.
36 Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо
-Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв.
37 Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.
38 Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход түүний хадам эх маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв.
39 Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэднийг зочлов.
40 Нар жаргах үеэр элдвийн өвчтэй хүмүүсийг Есүс уруу авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа.
41 Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч,
-Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.
42 Үүр цайх үеэр Есүс явж, эзгүй газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн уруу ирж, Есүсийг өөрсдөөсөө явуулахгүй байхыг хичээцгээж байлаа.
43 Харин Тэр тэдэнд
-Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв.
44 Тэр Иудейн синагогуудад сургаалаа айлдсаар байлаа.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]