2 Есүс тэдэнд
-Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу?
3 Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө.
4 Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу?
5 Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө гэв.
6 Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
-Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэгтээ инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй.
7 Тэгээд цэцэрлэгчид "Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?" гэжээ.
8 Цэцэрлэгч түүнд "Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё.
9 Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, хэрэв үгүй бол огтлоод л хаячихъя" гэв.
10 Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа.
11 Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ.
12 Есүс түүнийг хараад, дуудаж
-Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд
13 түүн дээр мутраа тавихад, даруй тэр дахин цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв.
14 Есүс Амралтын өдөр эдгээсэнд дургүйцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж
-Ажил төрлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш, харин тэдгээр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд
15 Эзэн түүнд
-Хоёр нүүртэнгүүд ээ, та нараас хэн чинь ч Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй гэж үү?
16 Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв.
17 Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа.
18 Тэгээд Тэр
-Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ?
19 Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ хаяж орхиход, тэр нь урган, мод болдог. Тэнгэрийн шувууд түүний мөчирт үүрлэдэг билээ гэв.
20 Тэр дахин айлдруун
-Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ?
21 Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гуриланд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
22 Тэр Иерусалим орох замдаа нэг хот, суурингаас нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа.
23 Хэн нэг нь Түүнээс
-Эзэн, аврагдаж байгаа хүмүүс тун цөөхөн байна уу? гэж асуухад
24 Тэр тэдэнд
-Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.
25 Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож хаалгаа түгжвэл, та нар гадна нь зогсоод, хаалгыг тогшин "Эзэн, бидэнд онгойлгооч" гэхэд чинь Тэр та нарт хариуд нь "Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй" гэнэ.
26 Тэгэхэд нь та нар "Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ" гэх болно.
27 Тэр "Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Бузрыг үйлдэгч та нар бүгд Надаас холд" гэнэ.
28 Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгчид байхыг та нар хараад, харин өөрсдөө хөсөр хаягдсандаа уйлж, шүдээ хавирах болно.
29 Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно.
30 Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.
31 Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд
-Херод Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.
32 Есүс тэдэнд
-Явж, тэр үнэгэнд "Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ" гэж хэл.
33 Харин Би өнөөдөр, маргааш, мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм.
34 Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.
35 Харагтун, та нарт хоосон гэр чинь үлдэх болно. Би та нарт хэлье. "Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ" гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]