2 Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг боол нь өвдөөд үхлүүт байжээ.
3 Тэр Есүсийн тухай сонсоод, Түүнийг ирж, боолын маань амийг авраач хэмээн гуйлгахаар иудейчүүдийн ахлагчдаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав.
4 Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж
-Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн.
5 Тэр хүн манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ.
6 Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болох үед зуутын дарга андуудаа илгээн,
-Эзэн, Та Өөрийгөө цаашаа бүү чилээ. Учир нь Таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би биш.
7 Иймээс би өөрийгөө ч Тан уруу очих нь зохисгүй хэмээн үзэв. Харин Та зөвхөн үгээ айлдаач, тэгвэл боол маань эдгэнэ.
8 Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний доор цэргүүд бий. Би нэгэнд нь "Яв" гэхэд тэр явж, нөгөөд нь "Ир" гэхэд тэр ирдэг. Боолдоо "Үүнийг хий" гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ.
9 Есүс үүнийг сонсоод ихэд гайхан, Өөрийг нь дагаж явсан олонд хандан
-Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ.
10 Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх боол эрүүл болсныг олж харав.
11 Үүний дараа удалгүй Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь, мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа.
12 Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв.
13 Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд
-Бүү уйл гэв.
14 Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс
-Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд
15 үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв.
16 Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн
-Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн
-Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.
17 Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.
18 Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ.
19 Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж,
-Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.
20 Тэд Есүс дээр ирээд,
-Баптисм хүртээгч Иохан биднийг Тань уруу илгээж "Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?" гэж асуулгаж байна гэжээ.
21 Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ.
22 Тэр тэдэнд
-Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.
23 Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ! гэв.
24 Иоханы элч нар явмагц, Тэр хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.
-Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?
25 Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг.
26 Тэгвэл та нар юу харах гэж явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.
27 Түүний тухай
"Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.
Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ"
28 Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав.
29 Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхан шударга хэмээн хүлээн зөвшөөрчээ.
30 Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.
31 -Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ?
32 Тэд зах дээр суугаад бие биеэ дуудан, "Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудлын дуу дуулахад та нар гашуудан уйлсангүй" гэх хүүхдүүдтэй адил юм.
33 Учир нь баптисм хүртээгч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар "Түүнд чөтгөр шүгэлсэн байна" гэдэг.
34 Хүний Хүү ирээд, идэж уутал та нар "Харцгаа, ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр" гэцгээдэг.
35 Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв.
36 Фарисайчуудын нэг нь Түүнээс өөртэй нь хамт зоог барихыг хүсжээ. Есүс мөнөөх фарисай хүний гэрт орж тухлан суув.
37 Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч,
38 Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.
39 Есүсийг урьсан фарисай хүн үүнийг хараад,
-Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо бодсонд,
40 Есүс хариуд нь
-Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон
-Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.
41 -Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв.
42 Тэд төлөх чадваргүй тул өнөөх хүн тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь,
43 Симон
-Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд
-Чи зөв шүүлээ гээд,
44 тэр эмэгтэй уруу эргэж, Симонд
-Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй Миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа.
45 Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна.
46 Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов.
47 Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд,
48 эмэгтэйд
-Нүгэл чинь уучлагдсан гэлээ.
49 Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо
-Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ.
50 Есүс тэр эмэгтэйд хандаж
-Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]