Лук [8]

1 Үүний дараа удалгүй Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа.
2 Мөн өвчин болоод бузар сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эмэгтэй гэгддэг Мариа,
3 Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна, мөн Сузанна болон өөр олон хүмүүс байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.
4 Үй олон хүн хот болгоноос ирж Түүн уруу хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив.
5 -Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим нь зам хавиар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гишгэгджээ. Огторгуйн шувууд тэдгээрийг идчихэв.
6 Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолоод л хатчихав.
7 Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэг ургаж, тэднийг барьчихаж.
8 Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад,
-Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
9 Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг Түүнээс асуухад
10 Тэр
-Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг.
11 Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг.
12 Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг.
13 Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ.
14 Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.
15 Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм.
16 Хэн ч дэнлүү асаасныхаа дараа дээр нь сав хөмрөн тавьдаггүй, эсвэл дэнлүүгээ орон дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тул дэнлүүний суурин дээр тавьдаг.
17 Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.
18 Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.
19 Тэгтэл эх, дүү нар нь Түүн уруу ирэв. Маш олон хүн байсан учир тэд Түүн уруу очиж чадаагүй тул
20 Түүнд
-Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв.
21 Харин Есүс тэдэнд
-Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн гэжээ.
22 Тэдгээр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд
-Нуурын нөгөө эрэг уруу явцгаая гэв.
23 Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв.
24 Тэд Түүн уруу очиж сэрээгээд,
-Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов.
25 Тэр шавь нартаа
-Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах нь зэрэгцэж, нэг нэгэндээ
-Салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.
26 Тэд Галилын эсрэг талд орших Герас хэмээх газар хүрч ирэв.
27 Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв.
28 Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар
-Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.
29 Учир нь Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа.
30 Есүс түүнээс
-Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр
-Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ.
31 Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа.
32 Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв.
33 Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ.
34 Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв.
35 Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс уруу очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад сүрдэцгээв.
36 Үүнийг харсан хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ.
37 Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ.
38 Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж,
39 -Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд тэр хүн Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тунхагласаар явж одлоо.
40 Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ.
41 Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ.
42 Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.
43 Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.
44 Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов.
45 Есүс
-Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд
-Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд
46 харин Есүс
-Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.
47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.
48 Есүс түүнд
-Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.
49 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,
-Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв.
50 Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт
-Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно гэлээ.
51 Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.
52 Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс
-Уйлахаа боль. Охин үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд
53 охин үхсэнийг мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв.
54 Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж,
-Охин минь, бос гэж дуудсанд
55 түүний сүнс эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ.
56 Охины эцэг эх нь гайхсан байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.



[Өмнөх]                [Дараах]



Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]