2 Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Эхлээд Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан,
3 Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,
4 Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.
5 Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.
-Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч.
6 Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч.
7 Та нар явахдаа "Тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэж тунхаглагтун,
8 Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.
9 Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй.
10 Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой.
11 Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэдээд явтлаа тэндээ бай.
12 Айлд орохдоо мэндийг нь мэд.
13 Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг. Хэрэв зохисгүй бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг.
14 Хэн та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага.
15 Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно.
16 Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.
17 Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно.
18 Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно.
19 Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө.
20 Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.
21 Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
22 Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.
23 Харин тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж барахгүй.
24 Шавь нь багшаасаа, боол нь эзнээсээ дээр байдаггүй.
25 Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?
26 Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж байхгүй билээ.
27 Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла.
28 Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.
29 Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.
30 Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна.
31 Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.
32 Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.
33 Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.
34 Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.
35 Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн.
36 Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно.
37 Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ.
38 Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш.
39 Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.
40 Та нарыг хүлээн авсан хүн Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авсан хүн Намайг илгээсэн Түүнийг хүлээн авсан хэрэг юм.
41 Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна.
42 Үнэнээр Би та нарт хэлье. Эдгээр өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийн нэрээр уух аяга хүйтэн ус өгсөн хэн боловч шагналаа үл алдана гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]