Матай [18]

1 Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж,
-Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.
2 Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь
3 -Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.
4 Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.
5 Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг.
6 Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр.
7 Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!
8 Хэрэв гар чинь, эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл, тас цавчин хая. Хоёр гартайгаа, эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй, эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр.
9 Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр.
10 Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.
11 [Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм]
12 Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв хэн нэгэн хүн зуун хоньтой байтал, тэднээс нэг нь төөрвөл, тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж үү?
13 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно.
14 Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм.
15 Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг.
16 Харин тэр үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юмуу хоёр ах дүүгээ дагуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно.
17 Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг.
18 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно.
19 Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно.
20 Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.
21 Дараа нь Петр ирж Түүнд
-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь
22 Есүс айлдсан нь
-Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.
23 Иймээс тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно.
24 Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгийг нь түүн уруу аваачив.
25 Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.
26 Боол нь сөхрөн унаж, сунан мөргөөд түүнээс "Намайг тэвчин хүлцэнэ үү. Би танд бүгдийг буцааж төлнө" гэж гуйхад
27 тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.
28 Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, "Өрөө төл" гэв.
29 Харин анд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж, түүнээс гуйн "Намайг тэвчин хүлцээч. Чамд буцааж төлнө" гэж хэлжээ.
30 Тэр үүнийг хүсээгүй учраас явж, түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулав.
31 Түүний бусад найз боолууд нь болсон явдлыг хараад ихэд гуниж, эзэн дээрээ очиж болсон бүгдийг нь мэдэгджээ.
32 Тэгтэл эзэн нь нөгөөх боолыг дуудаад, түүнд "Бузар муу боол оо, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн.
33 Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?" гээд,
34 ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг буцаан төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ.
35 Түүнчлэн хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]