Матай [2]

1 Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд,
2 -Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.
3 Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ.
4 Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв.
5 Тэд түүнд
-Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
6 "Иуда нутгийн Бетлехем ээ!
Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш.
Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна"
7 Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.
8 Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,
-Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.
9 Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов.
10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.
11 Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.
12 -Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.
13 Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж
-Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.
14 Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө.
15 Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан "Би Хүүгээ Египетээс дуудан гаргав" гэсэн нь ийнхүү биелжээ.
16 Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.
17 Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ
18 "Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.
Рахел тайтгарлыг авахаас татгалзан,
Хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Учир нь тэд нар нь байсангүй"
19 Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж,
20 -Бос, Хүүг эхийнх нь хамт авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв.
21 Тэр босож Хүүг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв.
22 Харин Архел эцэг Херодынхоо оронд Иудейг хаанчилж байгааг тэр сонсоод тийш очихоос айжээ. Бурхан зүүдэнд нь сэрэмжлүүлснээр, тэр Галилын нутаг уруу явав.
23 Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. "Назарынх гэж Түүнийг дуудах болно" гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]