Матай [20]

1 Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажиллуулах хүмүүсийг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм.
2 Тэр тэдэнд өдрийн нэг денар өгөхөөр ажилчидтай тохиролцон, тэднийг усан үзмийн тариалан уруугаа илгээв.
3 Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад,
4 тэдэнд "Та нар бас усан үзмийн тариалан уруу яв. Би та нарт шударгаар төлнө" гэсэнд тэд явжээ.
5 Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч, түүнчлэн хүмүүсийг явуулав.
6 Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хүмүүсийг олж, тэднээс "Та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсоно вэ?" гэж асуусанд
7 тэд "Биднийг хэн ч хөлсөлсөнгүй" гэв. Тэгэхэд нь тэр "Та нар бас усан үзмийн тариалан уруу яв" гэлээ.
8 Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа "Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл" гэжээ.
9 Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денараа хүртэв.
10 Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денар авчээ.
11 Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургүйцэн, гомдоллож,
12 "Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ" гэжээ.
13 Гэвч эзэн тэдний нэгэнд "Анд минь, би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи нэг денараар ажиллана гэж надтай тохирсон биш үү?
14 Өөрийнхөө хөлсийг аваад, замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна.
15 Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?" гэжээ.
16 Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.
17 Есүс Иерусалим өөд явах гэж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад замдаа тэдэнд
18 -Харагтун, бид Иерусалим өөд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж,
19 харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.
20 Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив.
21 Есүс түүнд
-Та юу хүсээ вэ? гэхэд тэр
-Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв.
22 Харин Есүс
-Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд
-Чадна гэцгээв.
23 Тэр тэдэнд
-Та нар Миний аяганаас ууна. Харин Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ.
24 Үүнийг сонсоод арав нь ах дүү хоёрт зэвүүцэв.
25 Харин Есүс тэднийг Өөртөө дуудаад,
-Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ.
26 Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.
27 Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.
28 Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.
29 Тэднийг Иерихогоос гарч явахад асар олон хүмүүс Түүнийг дагаж байлаа.
30 Үзэгтүн. Замын хажууд суугаа хоёр сохор Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод,
-Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав.
31 Олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар
-Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхирав.
32 Есүс зогсож тэднийг дуудаад,
-Өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд,
33 тэд
-Эзэн, нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв.
34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]