Матай [13]

1 Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа.
2 Түүн дээр асар олон хүн хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөмөөрөө эрэг дээр зогсож байлаа.
3 Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун
-Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ.
4 Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ.
5 Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов.
6 Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.
7 Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж.
8 Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.
9 Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
10 Шавь нар нь Түүн уруу ирж,
-Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд
11 Тэр
-Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.
12 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.
13 Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг.
14 Тийм хүмүүс дээр Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр
"Та нар сонссоор, сонссоор байтал огт ухаарахгүй,
харсаар, харсаар байтал огт ойлгохгүй.
15 Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч,
чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ.
"Эс бөгөөс тэд нүдээрээ харж,
чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,
эргэж буцах байсан бөгөөд
Би тэднийг эдгээх байсан" гэсэн байдаг"
16 Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ.
17 Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг тань сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.
18 Тиймээс тариачны сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг сонсогтун.
19 Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нэгэн нь ирж, түүний зүрхэнд юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.
20 Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч,
21 харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг.
22 Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог.
23 Сайн хөрсөнд унасан нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно гэж айлдав.
24 Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун
-Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм.
25 Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ.
26 Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов.
27 Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд "Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?" гэхэд
28 эзэн нь тэдэнд "Дайсан үүнийг хийжээ" гэв. Боолууд нь "Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?" гэсэнд
29 тэр "Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад.
30 Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ "Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ" гэж хэлнэ" гэв.
31 Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун
-Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй.
32 Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.
33 Өөр сургаалт зүйрлэлээр
-Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.
34 Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй.
35 Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ
"Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ.
Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно"
36 Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,
-Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь
37 Тэр
-Сайн үрийг таригч нь Хүний Хүү,
38 талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд,
39 тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм.
40 Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно.
41 Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд
42 галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна.
43 Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.
44 Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
45 Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм.
46 Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна.
47 Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм.
48 Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна.
49 Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж,
50 тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно.
51 Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд, тэд Түүнд
-Тийм ээ гэв.
52 Тэгтэл Есүс тэдэнд
-Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.
53 Есүс эдгээр сургаалт зүйрлэлүүдийг ярьсныхаа дараа тэндээс явав.
54 Тэр төрөлх хотдоо ирээд, синагогт нь тэднийг сургахад тэд гайхшран
-Энэ мэргэн ухаан, эдгээр гайхамшигт хүчийг энэ хүн хаанаас авсан юм бол?
55 Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү?
56 Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл энэ хүн тэр бүхнийг хаанаас авав? гэцгээв.
57 Тэд Түүнд гомдов. Харин Есүс тэдэнд
-Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар л хүндлэгддэг юм гэж айлдав.
58 Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон гайхамшиг үйлдсэнгүй.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]