Матай [22]

1 Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь
2 -Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно.
3 Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй.
4 Тэр дахин "Уригдсан хүмүүст "Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир" гэж хэл" гээд өөр боолуудаа илгээв.
5 Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав.
6 Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ.
7 Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.
8 Тэгээд тэр боолууддаа "Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ.
9 Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь" гэхэд
10 тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ.
11 Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад,
12 түүнд "Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?" гэхэд тэр үг дуугүй байв.
13 Тэгтэл хаан зарц нартаа "Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно" гэж хэлжээ.
14 Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.
15 Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв.
16 Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа.
-Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ.
17 Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд
18 Есүс тэдний хорон санааг мэдээд,
-Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ?
19 Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд,
20 Тэр
-Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув.
21 Тэд Түүнд
-Цезарийнх гэхэд Есүс
-Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.
22 Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо.
23 Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь
24 -Багш аа, Мосе "Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой" гэж хэлсэн.
25 Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв.
26 Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв.
27 Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв.
28 Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд,
29 Есүс хариуд нь тэдэнд
-Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.
30 Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.
31 Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт
32 "Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан" хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв.
33 Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.
34 Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав.
35 Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж
36 -Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув.
37 Тэр түүнд
-"Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла".
38 Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.
39 Удаах нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэнтэй адил юм.
40 Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.
41 Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс
42 -Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд
-Давидынх гэцгээв.
43 Тэр тэдэнд
-Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг "Эзэн" гэж дуудаад,
44 "Эзэн, миний Эзэнд
"Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл
Миний баруун гарт залрагтун" гэсэн"
45 Хэрэв Давид Түүнийг "Эзэн" хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав.
46 Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]