Матай [9]

1 Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ.
2 Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд
-Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.
3 Хуулийн багш нарын зарим нь
-Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ.
4 Есүс тэдний бодлыг мэдээд,
-Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?
5 "Нүгэл чинь уучлагдсан" гэж хэлэх, эсвэл "Босоод алх" гэж хэлэхийн аль нь амархан бэ?
6 Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд
-Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд,
7 мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа.
8 Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.
9 Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд
-Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.
10 Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв.
11 Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт
-Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ.
12 Харин Есүс үүнийг сонсоод
-Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй.
13 Харин явж, "Би тахилыг бус, энэрлийг хүсдэг" гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.
14 Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж,
-Яагаад фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэж асуухад,
15 Есүс тэдэнд хэлсэн нь
-Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.
16 Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна.
17 Хүмүүс шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвээс тулам сад тавьж, дарс асгарч, тулам хэрэггүй болно. Харин тэд шинэ дарсыг шинэ тулманд хийвэл аль аль нь хэвээрээ байх болно.
18 Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд,
-Миний охин дөнгөж саяхан үхчихлээ. Харин Та очиж түүнд гар хүрвэл охин минь амьдрах болно гэжээ.
19 Есүс босож, түүнийг даган явахад шавь нар нь ч бас хамт явлаа.
20 Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад
21 ингэхдээ тэр эмэгтэй
-Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ.
22 Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад
-Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.
23 Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж,
24 -Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ.
25 Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов.
26 Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.
27 Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн
-Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ.
28 Айлд орсных нь дараа, сохор хүмүүс Түүн уруу ирэхэд Есүс тэдэнд
-Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуухад тэд
-Тийм ээ, Эзэн гэв.
29 Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч,
-Итгэлийн тань дагуу болог гэсэнд
30 тэд хараа оржээ. Есүс тэдэнд
-Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав.
31 Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.
32 Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав.
33 Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж,
-Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.
34 Харин фарисайчууд
-Тэр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.
35 Есүс синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, бүх хот тосгоноор явж байлаа.
36 Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.
37 Тэгээд Тэр шавь нартаа
-Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна.
38 Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа гэж айлдав.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]