Левит [23]

1 ЭЗЭН дахин Мосед айлдан
2 -Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой.
3 Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.
4 ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой.
5 Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог.
6 Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид.
7 Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн.
8 Харин долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг өргөх ёстой. Долоо дахь өдөр нь ариун цугларалттай бөгөөд та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн" гэв.
9 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
10 -Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. "Миний та нарт өгөх гэж буй нутагт орж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.
11 Та нар хүлээн авагдахын тулд тэрээр уг багцыг ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.
12 Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн.
13 Үүний идээн өргөл нь тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм.
14 Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.
15 Амралтын өдрийн дараах өдрөөс, даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар бас долоон долоо хоногийг тоол.
16 Долоо дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавин хоногийг тоолох бөгөөд тэгээд та нар ЭЗЭНд шинэ идээн өргөлийг авчир.
17 Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой.
18 Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, мөн бод малын сүргээс нэг бухыг болон хоёр хуцыг авчир. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлийнхөө хамт ЭЗЭНд шатаалт тахил болно. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болно.
19 Та нар мөн нэг ухныг нүглийн төлөөх тахилд, хоёр эр хургыг эвийн тахилд өргөгтүн.
20 Тахилч тэгээд тэдгээрийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллана. Тэдгээр нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун байх ёстой.
21 Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.
22 Түүнээс гадна, та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй, ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг цуглуулах ёсгүй. Тэдгээрийг та нар ядууст, гадаадынханд үлдээх ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэлээ.
23 Дахин ЭЗЭН Мосед айлдан
24 -Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. "Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно.
25 Та нар аливаа хүчир ажлыг хийх ёсгүй. Харин ЭЗЭНд галаар өргөх өргөл авчрагтун" гэлээ.
26 ЭЗЭН Мосед айлдан
27 -Энэ долоо дахь сарын яг аравны өдөрт эвлэрүүллийн өдөр байх юм. Энэ нь та нарт ариун цугларалт болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгон ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрагтун.
28 Энэ өдөр та нар ямар ч ажлыг бүү хийгтүн. Учир нь энэ бол өмнөөс чинь, та нарын Бурхан ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх эвлэрүүллийн өдөр билээ.
29 Хэрэв энэ өдөр өөрийгөө даруу болгоогүй аливаа хүн байх аваас тэр нь өөрийн ард олноос таслагдах юм.
30 Энэ өдөр аливаа ажлыг хийсэн хүний тухайд гэвэл, тэр хүнийг Би ард олных нь дундаас устгах болно.
31 Та нар огт ажиллах ёсгүй. Энэ нь бүх амьдрах газарт чинь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.
32 Энэ нь та нарын хувьд, бүрэн амрах Амралтын өдөр болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгох ёстой. Сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахих юм гэв.
33 Дахин ЭЗЭН Мосед айлдан
34 -Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. "Энэ долоо дахь сарын арван таванд Майхан Баяр нь долоон хоногийн турш ЭЗЭНд байх ёстой.
35 Эхний өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар аливаа төрлийн хүчир ажлыг бүү хийгтүн.
36 Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Найм дахь өдөрт ариун цугларалттай бөгөөд ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Энэ нь чуулган болой. Та нар ямар ч хүчир ажлыг хийх ёсгүй.
37 Эдгээр нь та нарын ариун цугларалтууд хэмээн зарлах, тус тусын өдрийнх нь шаарддаг шатаалт тахилууд, идээн өргөлүүд, тахилууд, ундаан өргөлүүд буюу ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийг авчрах ЭЗЭНий товлосон үеүд болой.
38 Эдгээр нь ЭЗЭНий Амралтын өдрүүдээс гадна, та нарын бэлгүүдээс гадна, та нарын бүх тангаргийн болон сайн дурын ЭЗЭНд өгөх өргөлүүдээс гадна байх юм.
39 Газрын ургацыг хураагаад долоо дахь сарын арван тавны өдөр, та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөрт амралтын өдөр, найм дахь өдөрт Амралтын өдөр болно.
40 Эхний өдөр та нар өөрсдөдөө гоё модны навч, далдуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун.
41 Ингэж та нар үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд долоо хоногоор тэмдэглэгтүн. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. Үүнийг та нар долоо дахь сард тэмдэглэх болно.
42 Та нар майхнуудад долоон хоногоор амьдарна. Израиль дахь бүх уугуул төрөгсөд нь майхнуудад амьдарна.
43 Ингэснээр Израилийн хөвгүүдийг Би Египетийн нутгаас гарган авчрахдаа тэднийг Би майхнуудад амьдруулсныг танай үр сад мэдэх юм. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэв.
44 Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий товлосон үеүдийг тунхаглав.



[Өмнөх]                [Дараах]



Левит [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]