1 Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж,
-Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.
2 Елиа Ахабт бараалхахаар явав. Тэр үед Самарид өлсгөлөн ид гаарч байлаа.
3 Ахаб гэрийн түшмэд Обадиаг дууджээ. (Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа.
4 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)
5 Ахаб Обадиад
-Нутаг даяар буй булаг шандтай голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.
6 Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу, тус тусын замаа хөөн явжээ.
7 Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан,
-Миний эзэн Елиа та мөн үү? гэв.
8 Елиа түүнд
-Би байна. Явж, эзэндээ "Харагтун Елиа энд байна" гэж хэл хэмээв.
9 Обадиа
-Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч, алуулах гэж байна вэ?
10 Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь "Тэр энд алга" гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.
11 Гэтэл одоо та "Эзэндээ очоод "Харагтун, Елиа энд байна" гэж хэл" гэх юм.
12 Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно.
13 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?
14 Гэтэл одоо та "Эзэндээ очоод "Харагтун, Елиа энд байна" гэж хэл" гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв.
15 Елиа
-Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.
16 Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв.
17 Ахаб Елиаг хармагцаа,
-Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд
18 Елиа
-Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан.
19 Одоо хүн илгээн, бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Иезебелийн ширээний ард хооллодог, Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг, мөн Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.
20 Ахаб Израилийн бүх хөвгүүдийн дунд уг мэдээг илгээн, Кармел ууланд эш үзүүлэгчдийг хамтдаа цуглууллаа.
21 Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод,
-Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.
22 Тэгээд Елиа ард түмэнд хандан
-ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна.
23 Бидэнд хоёр үхрийг авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид өөрсдөдөө нэг үхрийг сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө шарыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй.
24 Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс
-Сайн санаа байна гэцгээжээ.
25 Елиа Баалын эш үзүүлэгчдэд
-Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгэн, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж өгүүлэв.
26 Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан,
-Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.
27 Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн,
-Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв.
28 Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав.
29 Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй.
30 Үүний дараа Елиа бүх ард түмэнд
-Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов.
31 Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковт ЭЗЭНий үг ирж, "Чиний нэр Израиль байх болно" хэмээн айлдсан билээ.
32 Эдгээр чулуунуудаараа Елиа ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав.
33 Түүний дараа тэрээр модоо зэрэглэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэр
-Дөрвөн домбыг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв.
34 Елиа
-Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр
-Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа.
35 Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв.
36 Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч,
-Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.
37 Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав.
38 Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив.
39 Бүх ард түмэн үүнийг хармагцаа, нүүрээрээ газар шаан унаж,
-ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.
40 Елиа тэдэнд
-Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгэнд нь ч зугтах боломж бүү өг хэмээв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон горхины дэргэд аваачиж, тэнд алжээ.
41 Елиа Ахабт
-Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв.
42 Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав.
43 Тэрээр зарцдаа
-Яваад, тэнгис уруу хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад
-Юу ч алга гэж хариулсанд Елиа
-Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав.
44 Долоо дахь удаад зарц нь
-Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа
-Явж Ахабт хандан "Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун" гэж хэл гэлээ.
45 Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан, салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ.
46 ЭЗЭНий мутар Елиа дээр байсан бөгөөд тэр бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Хаадын Дээд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22]