Үйлс [14]

1 Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд болон грекчүүд үй олноороо итгэцгээв.
2 Харин үл итгэгч иудейчүүд харь үндэстнүүдийн бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа.
3 Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн Өөрийн нигүүлслийн үгээ гэрчлэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож байлаа.
4 Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров.
5 Харь үндэстнүүд болон иудейчүүд захирагчдынхаа хамт хүч хэрэглэх гэж, мөн тэдэн уруу чулуу шидэх гэж оролдсонд,
6 тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд болох Лустр, Дерб уруу болон тэр хавийн нутаг уруу зугтав.
7 Тэд тэнд сайн мэдээг үргэлжлүүлэн тунхаглав.
8 Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа.
9 Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,
10 чангаар
-Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв.
11 Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр
-Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.
12 Тэд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэж нэрлэв. Учир нь Паул голлон ярьж байсан юм.
13 Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн баглаа авчирч, ард олны хамт өргөл барих гэв.
14 Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, олон түмэн уруу яаран очиж, хашхиран
15 -Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.
16 Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн.
17 Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг гэв.
18 Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олон түмнийг тэд арай чамай хориглож байлаа.
19 Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ.
20 Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.
21 Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгов. Дараа нь тэд Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа
22 дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан,
-Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.
23 Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэдэг Эзэнд тушаав.
24 Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээв.
25 Тэд Пергэд үгийг тараагаад, Аттал уруу явж
26 тэндээсээ Антиох уруу усан онгоцоор явав. Антиохт тэд өөрсдийн биелүүлсэн ажлын төлөө Бурханы нигүүлсэлд тушаагдаж байжээ.
27 Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийсэн болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд Тэр хэрхэн нээснийг тэд ярьж өглөө.
28 Ингээд тэд дагалдагчдын хамт удаан хугацаагаар байв.



[Өмнөх]                [Дараах]



Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]