Үйлс [28]

1 Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт хэмээн нэрлэдгийг мэдэв.
2 Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав.
3 Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд, галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав.
4 Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо "Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй" хэмээн ярьцгаажээ.
5 Гэтэл Паул өөрөө яасан ч үгүй, харин могойг авч галд хаяв.
6 Хүмүүс түүнийг хавагнах, эсвэл газар гэнэт хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд ямар ч сонин хачин юм тохиолдохгүй байхыг хараад, бодлоо өөрчилж түүнийг бурхан байж хэмээн ярьж эхлэв.
7 Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ.
8 Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад түүн дээр гар тавьж түүнийг эдгээв.
9 Энэ явдлын дараа тэр арлынхны дунд өвчтэй байсан бусад хүмүүс түүн уруу ирж, илааршиж байлаа.
10 Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ.
11 Тийнхүү гурван сарын дараа бид мөнөөх арал дээр өвөлжсөн Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй Александрын усан онгоцонд суун
12 Сиракуст хүрч, тэндээ гурав хонов.
13 Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ.
14 Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад, тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ.
15 Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум болон "Гурван дэн буудал" хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж зориг оров.
16 Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.
17 Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэлэв.
-Ах дүү нар аа! Би өөрийн ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдав.
18 Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа.
19 Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь өөрийн ард түмний эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байв.
20 Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн бөгөөд учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд
21 тэд түүнд
-Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй.
22 Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.
23 Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.
24 Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.
25 Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв.
-Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.
26 "Энэ ард түмэнд очиж хэлтүгэй.
Та нар сонссоор байх боловч ойлгохгүй.
Та нар харсаар байх боловч ухамсарлахгүй.
27 Учир нь энэ ард түмний зүрх хатуурч,
Чихээрээ арай ядан сонсох агаад тэд нүдээ аньжээ.
Эс тэгвэл тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож,
Зүрхээрээ ухаарч, эргэчих вий,
Энэ нь Би тэднийг эдгээчих вий"
28 Иймээс Бурханы энэхүү аврал харь үндэстнүүдэд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн.
29 [Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж марган байв.]
30 Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч өөр уруу нь ирсэн бүгдийг элэгсгээр хүлээн авч
31 Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай зоригтойгоор, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.



[Өмнөх]                [Дараах]



Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]