Үйлс [3]

1 Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв.
2 Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.
3 Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв.
4 Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,
-Наашаа хар гэв.
5 Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав.
6 Харин Петр түүнд
-Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд,
-Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун хэмээн хэлээд
7 баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж,
8 үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо.
9 Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад
10 сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.
11 Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ.
12 Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан
-Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?
13 Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.
14 Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан
15 боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм.
16 Түүний нэрд итгэсэн итгэлийн үндсэн дээр, та нарын харж байгаа энэ хүнийг Есүсийн нэр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ.
17 Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.
18 Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв.
19 Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд
20 та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.
21 Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм.
22 Мосе хэлэхдээ "Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун.
23 Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хэн боловч ард олны дотроос бүрмөсөн устгагдах болно" гэсэн юм.
24 Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.
25 Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд "Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно" хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.
26 Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.



[Өмнөх]                [Дараах]



Үйлс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]