Ром [13]

1 Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм.
2 Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно.
3 Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин бузар мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно.
4 Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн.
5 Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй.
6 Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.
7 Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
8 Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.
9 Учир нь "Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр" гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь "Хөршөө өөрийн адил хайрла" гэсэн үгийн дотор агуулагддаг юм.
10 Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.
11 Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.
12 Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.
13 Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.
14 Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга.



[Өмнөх]                [Дараах]



Ром [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]