Езекиел [25]

1 ЭЗЭНий үг надад ирж,
2 -Хүний хүү Аммоны хөвгүүдийн зүгт нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн,
3 Аммоны хөвгүүдэд өгүүл. "Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Миний ариун газар бузарлагдсан үед, Израилийн газар эзгүйрсэн үед, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг "ха ха" хэмээсэн.
4 Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний дунд хуарангаа барьж, чиний дунд сууцаа босгон, чиний үр жимсийг идэж, чиний сүүг уух болно.
5 Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".
6 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар алгаа ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг сэтгэлийн хамаг элэглэлтэйгээр баяссан.
7 Тиймээс харагтун, Би та нарын эсрэг Өөрийн мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан, та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".
8 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Моаб болон Сеир нь "Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстнүүдтэй адил юм" хэмээсэн.
9 Тиймээс, харагтун, Би тэр нутгийн алдар нь болох Бет-иешимот, Баал-меон ба Кириатаим, түүний хил хязгаар дахь хотуудыг, Моабын хотуудын хажуу бөөрийг нээх гэж байна.
10 Би түүнийг Аммоны хөвгүүдийн хамт дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх бөгөөд энэ нь Аммоны хөвгүүд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй байхын тулд юм.
11 Тийнхүү Би Моабт шүүх ажиллагааг хэрэгжүүлэх ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".
12 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдсэн бөгөөд эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдний дээр өширхөгч болгосон".
13 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана.
14 Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Филистчүүд өс хонзон дотор үйлдэж, үүрдийн дайсагналаар устгахын тулд сэтгэлийн бахдалтайгаар өшөө авсан".
16 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана.
17 Би тэдний дээр хилэгнэлийн зэмлэлтэй хамт агуу өшөө авалтыг гүйцэлдүүлэх болно. Би тэдний дээр Өөрийнхөө өшөө авалтыг тавих үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно"" гэв.



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]