Езекиел [35]

1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,
2 -Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүлэн,
3 түүнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Сеир уул аа, харагтун, Би чиний эсрэг байна.
Би чиний эсрэг Өөрийн мутрыг сунгаж, чамайг эзгүйрүүлж, хоосруулна.
4 Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно.
Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
5 Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас,
6 тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаад "Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно.
7 Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгчийг ба буцагчдыг түүнээс таслах болно.
8 Би уулсыг нь тэдний үхдлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, чиний хөндийнүүдэд болон чиний бүх жалгуудад унах болно.
9 Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
10 Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи "Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ" хэмээн өгүүлсэн учраас,
11 тиймийн тул Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаад "Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Би чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно.
12 Чи Израилийн уулсын эсрэг "Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн" хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.
13 Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ".
14 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.
15 Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" гэжээ".



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]