1 ЭЗЭНий үг дахин надад ирж,
2 -Хүний хүү эш үзүүлж, өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Уйл. "Тэр өдөр гаслантай яа."
3 Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно.
4 Египет дээр илд бууж, Етиопод зовлон зүдгүүр болно.
Египетэд алагдагсад унах үед тэд
түүний баялгийг авч одон түүний сууриуд нь нуран унах болно.
5 Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно".
6 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана.
Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
7 "Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,
түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.
8 Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
9 Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна".
10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Би Вавилоны хаан Небухаднезарын гараар Египетийн олон түмнийг үгүй болгоно.
11 Тэр болон түүнтэй хамт түүний ардууд болох хамгийн харгис үндэстнүүд тэр газрыг устгахын тулд орж ирэх болно.
Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугалж, тэр газрыг алагдагсдаар дүүргэх болно.
12 Түүнээс гадна, Би Нилийн сувгуудыг хатаан, хорон муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдах болно.
Би харь хүмүүсийн гараар тэр нутаг болон тэндэх хамаг юмсыг эзгүйрүүлэх болно.
ЭЗЭН Би айлдсан юм".
13 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно.
Египетийн нутагт дахин ноён гарахгүй.
Би Египетийн газарт айдсыг өгөх болно.
14 Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг буулгана.
15 Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж, Тебесийн олон түмнийг таслах болно.
16 Би Египетэд гал тавина.
Син нь зовлон зүдгүүр дотор тарчлах болно.
Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай гамшигтай байх болно.
17 Он болон Пи-бесетийн залуус илдэнд унах бөгөөд эмэгтэйчүүд нь олзлогдох болно.
18 Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно.
Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.
Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.
19 Тийнхүү Би Египет дээр шүүлтийг буулгах ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно"".
20 Арван нэг дэх жилийн нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж,
21 -Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.
22 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.
23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно.
24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно.
25 Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжих болно. Би Вавилоны хааны гарт Өөрийн илдийг өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг хандуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
26 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".
[Өмнөх] |                  | [Дараах] |
Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]