Езекиел [28]

1 ЭЗЭНий үг надад дахин ирж,
2 -Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Чиний зүрх бардамнан, чи "Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг" хэмээн өгүүлсэн.
Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир
3 (Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ.
Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.
4 Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.
5 Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)
6 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас,
7 тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.
Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.
8 Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.
Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.
9 Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө "Би бол Бурхан" хэмээн өгүүлсээр байх уу?
10 Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно.
Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна"".
11 Дахин ЭЗЭНий үг надад ирж,
12 -Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.
13 Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв.
Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв.
Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв.
Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.
14 Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан.
Чи Бурханы ариун ууланд байлаа.
Чи галт чулуунуудын дундуур явав.
15 Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.
16 Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв.
Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн.
Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.
17 Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав.
Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан.
Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан.
18 Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав.
Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан.
Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.
19 Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв.
Чи айдаст автаж, хойшид байхгүй болно"".
20 ЭЗЭНий үг надад ирж,
21 -Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.
22 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.

"Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна.
Би чиний дотор алдаршуулагдах болно.
Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
23 Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.
Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.
Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
24 Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно".
25 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно.
26 Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно".



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]