-Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм.
2 Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.
3 Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана.
4 Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.
5 Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс айж эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс айгтун.
6 Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй.
7 Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
8 Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно.
9 Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч хүн нь Бурханы тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ.
10 Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй.
11 Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов.
12 Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.
13 Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд
-Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд
14 харин Тэр
-Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихсон билээ? гэв.
15 Тэгээд Тэр тэдэнд хандан
-Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.
16 Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа.
-Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.
17 Тэр хүн "Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?" гэж бодол болж,
18 "Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.
19 Тэгээд би сэтгэлдээ "Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац" гэж хэлнэ дээ" гэсэнд,
20 харин Бурхан түүнд "Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?" гэж айлджээ.
21 Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.
22 Тэр шавь нартаа
-Тиймээс Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов.
23 Яагаад гэвэл амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм.
24 Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэдгээр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ.
25 Та нарын хэн чинь санаа зовсноороо амиа хором ч атугай уртасгаж чадах вэ?
26 Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна?
27 Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд ажилладаггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон өөрийн бүх сүр жавхлан дотроо ч эдгээр цэцэгсийн нэгтэй нь ч эн зэрэгцэхээр хувцаслаж байгаагүй юм.
28 Хэрэв өнөөдөр нь амьд байгаад, маргааш нь зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан тийнхүү гоёдог бол, тэгэх тусмаа итгэл багатай хүмүүс ээ, Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ.
29 Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хайгтун. Санаа зовохоо боль.
30 Учир нь энэ бүх зүйлсийг дэлхийн үндэстнүүд чармайн хайдаг юм. Харин та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг Эцэг тань мэддэг.
31 Харин Түүний хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно.
32 Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.
33 Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
34 Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.
35 Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.
36 Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм.
37 Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ.
38 Хэрэв эзэн хоёр, эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ.
39 Үүнийг ойлгогтун. Юу гэвэл хэрэв гэрийн тэргүүн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэн бол гэрээ ухуулахгүй байхсан.
40 Та нар ч мөн бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ гэв.
41 Петр
-Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу, эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд
42 Эзэн хэлсэн нь
-Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?
43 Эзнийгээ ирэхэд, тийнхүү үйлдэж байгаа нь харагдах боол ерөөлтэй еэ.
44 Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн түүнд өөрийн бүх хөрөнгөө хариуцуулах болно.
45 Хэрэв тэр боол зүрхэндээ "Эзэн маань ирэхгүй удна" хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал,
46 түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл, тэр боолыг хэсэгчин тастаад, итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ.
47 Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ хүслийнх нь дагуу биелүүлээгүй, бэлэн байгаагүй тэр боол ташуурын амт хатуухан хүртэнэ.
48 Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана.
49 Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг Би ямар их хүснэ вэ!
50 Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!
51 Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье.
52 Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана.
53 Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хуваагдах болно гэв.
54 Тэгээд Тэр хурсан олонд хандаж
-Баруун зүгээс үүл гарахыг хараад, та нар "Бороо орох нь" гэдэг. Энэ нь ч тийм л байдаг.
55 Өмнө зүгээс салхи салхилахыг та нар хараад "Халуун өдөр болох нь" гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг.
56 Хоёр нүүртэнгүүд ээ! Та нар тэнгэр, газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ, өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ?
57 Юу нь зөв болохыг та нар өөрсдийнхөө хувьд юунд үл шүүнэ вэ?
58 Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно.
59 Би та нарт хэлье. Чи эцсийнхээ зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]