Лук [9]

1 Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ.
2 Бурханы хаанчлалыг тунхаглуулахын тулд, мөн өвчтэй хүмүүсийг эдгээлгэхийн тулд Тэр тэднийг илгээв.
3 Тэр тэдэнд
-Замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй.
4 Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай.
5 Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ.
6 Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн, сайн мэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа.
7 Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж,
8 зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь эртний эш үзүүлэгчдээс нэг нь амилсан гэж ярьж байжээ.
9 Херод
-Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.
10 Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа.
11 Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв.
12 Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж,
-Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв.
13 Харин Тэр тэдэнд
-Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд
-Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ.
14 (Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм) Тэр шавь нартаа
-Тэднийг тавь тавиар нь бүлэглэн суулга гэв.
15 Тэд ч бүгдийг тэгж суулгажээ.
16 Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж, олон түмэнд тараан өгүүлэхээр шавь нартаа өгөв.
17 Тэд бүгд идэж цадав. Хүмүүсийн орхисон хэлтэрхийнүүдийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
18 Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байжээ. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэднээс
-Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад
19 тэд
-Зарим нь баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр бусад нь эртний нэгэн эш үзүүлэгч дахин амилсан гэдэг гэв.
20 -Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр
-Бурханы Христ гэжээ.
21 Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад,
22 -Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв.
23 Тэр тэдэнд бүгдэд нь хандаж
-Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.
24 Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна.
25 Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ?
26 Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Эцгийн болон Өөрийн, мөн ариун тэнгэр элч нарын суу алдраар ирэхдээ түүнээс ичих болно.
27 Гэвч Би та нарт үнэнээр хэлье, энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртлээ үхлийг үл амсана гэж айлдав.
28 Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр Петр, Иохан, Иаков нарыг дагуулан залбирахаар уул өөд гарлаа.
29 Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь цагаан өнгөтэй болж, гялалзаж байжээ.
30 Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв.
31 Тэд цог жавхлантайгаар үзэгдэж, Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа.
32 Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан, харин бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав.
33 Тэднийг Есүсээс холдон явахад, Петр Есүст
-Эзэнтэн, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад барьж өгье гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа.
34 Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхэж эхэллээ. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ.
35 Тэгээд үүлнээс
-Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
36 Тийнхүү дуу гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байлаа.
37 Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав.
38 Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн
-Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Учир нь тэр миний ганц хүү юм.
39 Хар л даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилон чарлаж, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг.
40 Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд
41 Есүс тэдэнд
-Итгэлгүй, завхарсан үеийнхээн, Би хэр удаан та нартай хамт байж, та нарыг тэвчих вэ? Хүүгээ энд аваад ир гэв.
42 Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зэмлээд, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв.
43 Бурханы аугааг бүгд бахдан байлаа.
Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад нь Тэр шавь нартаа
44 -Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс эдгээр үгсийг чихэндээ шингээ гэв.
45 Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс хэлсэн үгийн тухай асуухаас ч эмээцгээв.
46 Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв.
47 Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэн, нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоогоод,
48 -Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв.
49 Иохан
-Эзэнтэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид хараад түүнд саад хийв. Яагаад гэвэл тэр хүн бидэнтэй хамт дагадаггүй шүү дээ гэхэд нь
50 Есүс
-Түүнд бүү саад хий. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр нь та нарын талд юм гэж айлдав.
51 Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо.
52 Тэр Өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар самаричуудын сууринд очжээ.
53 Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй.
54 Түүний шавь нар болох Иаков, Иохан нар үүнийг хараад, Түүнд
-Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд
55 Тэр эргэн тэднийг зэмлэв.
[-Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.
56 Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.
57 Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд
-Би Таныг хаа ч явсан дагая гэв.
58 Есүс түүнд
-Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд
59 өөр нэгэнд
-Намайг дага гэхэд тэр хүн
-Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.
60 Гэтэл Есүс
-Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.
61 Бас өөр нэг нь Түүнд
-Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд
62 харин Есүс
-Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.



[Өмнөх]                [Дараах]



Лук [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]