Матай [15]

1 Тэгтэл Иерусалимаас хэсэг фарисайчууд болоод хуулийн багш нар Есүс дээр ирж,
2 -Таны шавь нар юунд ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд
3 Тэр хариуд нь тэдэнд
-Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ?
4 Бурхан "Эцэг, эхээ хүндэл", "Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал" гэж айлдсан.
5 Гэтэл та нар "Хэрэв хэн эцэг, эсвэл эхдээ "Та нарт тусалж магадгүй байсан өөрийн ямар ч зүйлээ Бурханд өргөсөн" гэж хэлнэ,
6 тэр нь эцгээ, эсвэл эхээ хүндлэх хэрэггүй" гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хүчингүй болголоо.
7 Зальхай хүмүүс ээ, Исаиа та нарын тухай зөв эш үзүүлсэн юм. Ингэхдээ
8 "Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг.
Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.
9 Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж,
Надад дэмий хоосноор мөргөж байна"
10 Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд
-Сонс, ухаар.
11 Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд
12 шавь нар нь ойртож очоод Түүнд
-Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ.
13 Харин Есүс хариуд нь
-Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.
14 Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд,
15 Петр Түүнд
-Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэсэнд,
16 Тэр
-Та нар мөн л ойлгохгүй хэвээр байна уу?
17 Ам уруу орох алив зүйл гэдсэнд ороод арилдгийг ойлгохгүй байна гэж үү?
18 Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг.
19 Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг.
20 Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг бузарладаггүй гэжээ.
21 Есүс тэндээс явж, Тир болон Сидоны нутагт ирэв.
22 Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж,
-Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов.
23 Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс
-Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв.
24 Гэтэл Есүс
-Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн
25 боловч өнөөх эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж,
-Эзэн, надад туслаач гэхэд,
26 Есүс
-Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ гэв.
27 Харин тэр
-Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд,
28 Есүс
-Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.
29 Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ сууж байлаа.
30 Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв.
31 Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.
32 Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд
-Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь,
33 шавь нар нь Түүнд
-Бид энэ зэлүүд газар ийм олон хүмүүсийг цатгах талхыг хаанаас олох билээ? гэсэнд,
34 Есүс
-Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
-Долоо. Бас хэдэн жижиг загас байна гэлээ.
35 Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад,
36 долоон талх, мөн загасыг авч талархал өргөн хуваагаад, шавь нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өгөв.
37 Бүгд идэж цадаад үлдсэн хэлтэрхийнүүдийг цуглуулахад долоон том сагс дүүрсэн байлаа.
38 Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна тэнд байсан дөрвөн мянган эрчүүд идсэн юм.
39 Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж, Магаданы нутагт очив.



[Өмнөх]                [Дараах]



Матай [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28]